УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулгын хариуг сонсож байна. Ерөнхий сайдын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хуралдааны эхэнд Ерөнхий сайдын мэдээллийг гишүүдэд долоо хоногийн өмнө өгөх ёстой байсныг сануулаад, тарааж өгсөн есөн хуудас материалаас өөр мэдээлэл танилцуулж буй тул асуудлыг хойшлуулах санал гаргав.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Сангийн сайд Б.Жавхлан гэмт хэрэгтэн мөн юм байна. Учир нь Ц.Даваасүрэн гишүүн Б.Жавхланг Хөгжлийн банкийг дампууруулсан тухай хэд хэдэн удаа ярьсан. Тэр хүнийг алчих вий дээ. Б.Жавхланг Ерөнхий сайдын нэрийг барьж тараасан мэдээллээсээ шал өөр буюу гүтгэлгийн шинжтэй материалыг УИХ-ын индэр дээрээс уншиж байна. Сая уншсан зүйлээ УИХ-ын бүх гишүүдэд тарааж өг. Хуралдаан дээр үнэн баримттай зүйл унших ёстой. Иргэд саяны ярьсан зүйлийг үнэн гэж бодно. Л.Оюун-Эрдэнэ сайдын тараасан материалыг Сангийн сайд нь өөрчилж ярьж болохгүй. Бид эсвэл Ерөнхий сайд дээр оръё.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Нөхөр Н.Алтанхуяг гишүүн сандарч эхэлж байгаа. Таны зөв. Та бүхэнд тарааж өгсөн материалд миний ярьсан зүйл нийцнэ. Таны гаргасан шийдвэрийн дагуу Хөгжлийн банк зээл өгдөг байсан. Та шударга хүн болж ярих хэрэггүй. Таны тарьсан балгийг бид ярьж байгаа шүү. Та өмнө нь “Өр тавиад л байя. Хүүхдүүд минь төлчихнө биз” гэсэн, одоо яг тэр чинь болж байна. Өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөөр таны зээлийг төлж байгаа шүү. Та хаашаа ч зугтаж чадахгүй. Чамтай би алалцаад дуусаж байгаа. Чанаргүй зээлийг би чамтай цуг барагдуулж дуусна. Та Чингис бондын зээлийг тооцоо судалгаагүй, бэлэн төсөлгүй атлаа авсан. Бид маш хүнд банк хүлээн авсан ч сүүлийн нэг жилд арга хэмжээ авч, үр дүн гарсан. Өөрийн хөрөнгө нь 0 төгрөг олсон байв. 800 орчим тэрбум төгрөгийн зээл төлүүлэв. Самурай бондын төлбөрийг төлнө. Евро бондын 500 сая ам.долларын төлбөрийг төлөх бэлтгэл ажилдаа орсон. Чингис бондын төлбөрийг төлснөөр олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Гэхдээ дотоодод асуудал үлдэнэ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Та нар битгий жүжиг тоглоод бай. Нийлээд энэ зээлүүдийг авсан биз дээ. Хөгжлийн банкны солонгос захирлуудыг хөөж гаргасан биз дээ. АН, МАН-ын хамтарсан хулгайн улмаас Монгол дампуурах гэж байна. Хөгжлийн банк бондын төлбөрөө хийж чадахгүй бол дампуурна. Чанаргүй зээл авсан гээд хэнд хуулийн хариуцлага хүлээлгэв. Мэдээлэл өгөөч. Хөгжлийн банкны материалыг хоёрхон л хүн шалгаж байна. Хангалтгүй байна. АН бүлэгтэй болсон бол бүлэг шиг ажилла, шаардлагаа тавь. Үр дүн л чухал байна. АН-ын шаардаад байгаа баримтуудыг гаргаж өгнө үү.
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Батлагдсан хуулийнхаа хэрэгжилтийн үндэслэлээр зээлүүдээ хувааж үзсэн. Монголбанкнаас шалгалт орж, 3.2 их наяд төгрөгийн зээлийн активтай байсан. 1.2 их наяд нь чанаргүй зээл гэсэн дүгнэлт гаргасан. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсанаас хойш 2011, 2017 онд хууль батлагдсан. 2012-2016 онд 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн 1.3 их наяд төгрөг нь энэ онуудад гарчээ. Шинэ хууль батлагдсанаар 2012-2022 онд 500 тэрум төгрөг гарсан байна. Эх үүсвэрийн хувьд Хөгжлийн банк "Чингис" бондын зарцуулалтыг хариуцсан. Нийтдээ 3.5 тэрбум ам.долларын зээл олголт хийж, 2.7 тэрбум ам.доллар буюу 80 хувь нь УИХ, Засгийн газрын шийдвэрээр гарсан. Үлдсэн 0.2 тэрбум доллар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гарсан зээлүүд эзэлж байна.
Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат:
-АТГ-аас Хөгжлийн банкны 2012-2021 онуудад олгосон зээлийн асуудалтай холбогдуулж 50 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэг бүртгэлийн шатанд явуулсан шалгалтын ажиллагааны үр дүнд хоёр мөрдөн байцаалтын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүлээн авч, Нийслэлийн прокурорт шилжүүлсэн. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын байдал, эрх мэдлийн давуутай байдлаа ашигласан. Нийт 80 гаруй албан тушаалтан, удирдлагад холбогдох хэрэг, зээл аваад, зээлээ төлөөгүй 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажил явуулж байна. 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон асуудлыг шалгаад, 778 тэрбум төгрөгийн зээл төлүүлсэн нь сайдын мэдээллээс тодорхой харагдлаа. Энэ нь мөрдөх байгууллага, прокурорын байгууллагын мэдээлэл. 14 аж ахуйн нэгж зээлээ бүрэн төлж барагдуулсан.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийг оны эцэст нэг их наяд төгрөгт хүргэхийг зорин ажиллаж байна. Ингэснээр оны эхэнд 1.3 хувь байсан банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт 20 хувь хүрэх боломж бүрдэнэ. Улмаар Хөгжлийн Банкийг санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдэлээс бүрэн гарч, банк бие даан ирэх оны өрийн удирдлага хэрэгжүүлэх боломжтой болно.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-УИХ-ын дарга дэг зөрчиж байна. Хөгжлийн банкийг 11 жилийн өмнө байгуулсан, залуухан байгууллага. ЖДҮХС, Хөгжлийн банкны олон мэдээлэл одоо ч нууц хэвээр байна. АН-ын гишүүдийг буруутгах ажил хийж байгаад харамсаж байна. Хөгжлийн банк Монгол Улсад хэрэгтэй гэж үзвэл засаглалыг нь сайжруулах ёстой. Энэ банк том даргын нарын касс болсон. УИХ дахь АН-ын бүлэг мэдээллээ тараахыг шаардаж, нэг цагийн завсарлага авч байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.