УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Мөн Улсын УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж тусгахаар суманд ажиллаж байгаа ИТХ-ын ажлын албаны албан хаагчид болон аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчид хамрагдахгүй байгаа талаар хэлжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн талаарх Засгийн газрын байр суурийг харгалзан үзэх, албан хаагчдад сар бүрийн цалин дээр тогтмол олгох нэмэгдэл нь нэг удаагийн шинжтэй мөнгөн урамшуулал, тэтгэмжээс илүү үр дүнтэй, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, шаардлагатай холбоотой асуудлыг хамтад нь шийдэх боломж бий эсэх, цаашид ямар бодлого баримтлан ажиллах талаар тодруулав.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цалин хөлсний иж бүрэн шинэчлэлийн асуудлыг үе шаттайгаар судалж оруулж ирсэн. Энэ жилийн хувьд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 15 ангилал зэрэглэлтэй, дотроо таван шатлалтай байсныг багасган, хамгийн өндөр шатлалаар нь цалинг нэмэгдүүлэхээр тусгаад байгаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажилласан жилийн нэмэгдлийг таван жилээр тооцдог байсныг эхний жилээс эхлэн тооцох зохицуулалтыг бий болгоод байна. Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэлд суурилсан, үр дүнд суурилсан цалин хөлсний нэмэгдлийг олгох гээд олон багц асуудлуудыг энэ удаагийн төсвийн хуулийн хамт шийдэхээр тусгасан.
Орон нутагт төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байна. Сум, орон нутагт хамгийн муу барилга захиргааных байгаа. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Ийм учраас дээрх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх захиргааны шинэтгэлийн реформын үе шат эхэлж байна гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүд төрийн албан хаагчидтай холбоотой асуудлыг ганц цалингийн урамшууллын хэмжээнд ярих биш цогцоор нь ярилцан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.