СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-04

Bloomberg TV гурван өгүүлбэрээр: Нүүрс ба "далд мөнгө"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  • III улиралд зохицуулалттай санхүүгийн салбарын хөрөнгө ДНБ-ий 20.7 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт болов.
  • БНХАУ-д эрэлт тааруу байгаатай холбоотойгоор Монголын коксжих нүүрсний үнэ, тээвэрлэлт буурч байна.
  • Эдийн засагч С.Дэмбэрэл: Бүх гишүүд нүүрсний гэрээг ил болгох ёстой л гэж яриад байгаа. ЗГ ч тэр. Гэхдээ хэн ч зэсийн гэрээг ил болгох талаар ярихгүй байгаа нь хачирхалтай.

Хөрөнгийн захыг IPO сэргээх үү?

Энэ оны III улиралд зохицуулалттай санхүүгийн салбарын хөрөнгө ДНБ-ий 20.7 хувьд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр буурсан үзүүлэлт болсныг СЗХ тайлагналаа. Үүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 181.6 тэрбум төгрөгөөр буурч 4.8 их наяд төгрөг болсон буюу ДНБ-д эзлэх хувь нь 11.1 болж өмнөх оны мөн үеэс 2.3 пунктээр буурсан нь гол жин даржээ. Уналтад зах зээл болон хөрөнгө оруулагчдын хөдөлгөөн голлон нөлөөлсөн гэж дүгнэж байгаа ч энэ онд багтаан МХБ болон "Голомт", "ХААН" банкнууд олон нийтэд хувьцаагаа санал болгосноор зах зээл эргэн идэвхжих хүлээлттэй байгааг СЗХ онцлов. 

Бизнесийн орчны сорилт

III улирлын байдлаар Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 65.1 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байдалтай байна. Өөрөөр хэлбэл 242.3 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжийн тоо 157.8 мянга болж нэмэгджээ. Үүнийг цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үеийн хувьтай харьцуулбал 5.5 нэгж хувиар өндөр дүн болж байна. Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт хязгаарлагдмал хэвээр байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж буй. 

Байр суурь

"Гашуунсухайт-Цагаан хадны хооронд жилд бараг $1-$1.5 тэрбумын далд мөнгөний урсгал хилийн цаана явсан. Ажил нь манай талд хийгдсэн байдаг. Үүнийг бид том хуулийн зохицуулалтаар ил болгоно, ил болгож ч байгаа. УИХ-д өргөн барьсан байгаа Уул уурхайн биржийн тухай хуулийг дэмжиж бушуухан баталж өгнө гэж бодож байна. Тэгвэл Монгол Улсын экспортолж буй хувийн, хувьсгалын бүх баялгийн арилжаа нь ил болно. Зөвхөн тэнд арилжаалагдсан нүүрс хилээр гарах тогтолцоотой болно" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдсэн. Харин эдийн засагч С.Дэмбэрэл "Бүх гишүүд нүүрсний гэрээг ил болгох ёстой л гэж яриад байгаа. Засгийн Газар ч тэр. Гэхдээ хэн ч зэсийн гэрээг ил болгох талаар ярихгүй байгаа нь хачирхалтай" хэмээн  жиргэжээ.

Тээвэрлэлт буурав

БНХАУ-д эрэлт сул байгаатай холбоотойгоор Монголын коксжих нүүрсний үнэ, тээвэрлэлт буурч байна. “SXCoal”-ийн мэдээлснээр Ганцмод боомтод түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1580-1600 юанийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд аравдугаар сарынхаас 100 юаниар буураад байгаа аж. Эрэлт сул байгааг дагаад БНХАУ-ын компаниуд, коксын үйлдвэрүүдийн худалдан авалт мөн буурсан байна. Арван нэгдүгээр сарын нэгэнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 617 автомашин гарсан нь аравдугаар сарын 25-наас хойших доод дүнд тооцогдож байна. Сүүлийн саруудад Гашуунсухайт боомтоор гарах нүүрс тээврийн автомашины тоо 600-700 хооронд хэлбэлзэж байгаа юм.

Гарал үүсэл тодорхой...

Ашигт малтмалын шинжилгээний лабораторийн дэргэд гарал үүслийн гэрчилгээ олгох цэг байгуулахаар CCIC MN компанитай санамж бичиг байгуулсныг МҮХАҮТ мэдэгдлээ. Ингэснээр БНХАУ-д экспортлох Монгол Улсын гарал үүсэлтэй нүүрс, ашигт малтмалын дээжид лабораторийн шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Мөн өмнө шаардагддаг байсан олон удаагийн лабораторийн шинжилгээний тоог цөөрүүлэх, шаардлагатай бичиг баримтыг нэг дороос олгох ач холбогдолтойг онцолж байна. CCIC MN нь БНХАУ-ын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалттай компани аж.

Өвлийн бэлтгэл

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 91 хувьтай байгааг Эрчим хүчний яам мэдээллээ. Бэлтгэл ажил өмнөх оноос харьцангуй сайн байгаа бөгөөд салбарын оргил ачаалал өнөөдрийн байдлаар 1,270 мвт-д хүрсэн байна. Онцгой комиссын хуралдаанаар эрчим хүчний эх үүсвэрүүдийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай нүүрс тээврийн вагоны хангалтыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгөөд байсан. Энэ хүрээнд "Багануур" ХК, "Шивээ-Овоо" хк, "Шарын гол" ХК-иуд холбогдох яамдтай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авахаар болж байна.

Чинээлэг=Өөдрөг 

Зах зээл уналтад орж, дайн үргэлжилж, эдийн засагт хямрал нүүрлээд буй ч чинээлэг хөрөнгө оруулагчдын 59 хувь нь хөрөнгийн зах зээлийн ойрын хугацааны төлөвийг өөдрөгөөр тодорхойлж байгааг Швейцарын “UBS” банкны судалгаа харууллаа. COVID-19 цар тахлын зах зээлд үзүүлэх дам нөлөөлөл буурахтай зэрэгцээд бараа, үйлчилгээний эрэлт эргэн сэргэх төлөвтэй гэж үзэж байгааг судалгаанд оролцогчид онцолжээ. Хэдийгээр Европт эрчим хүчний хямрал даамжирч, инфляц дээд түвшиндээ хүрч, эрчимжсэн ч Европын чинээлэг хөрөнгө оруулагчид өөдрөг төсөөллөө хадгалж байгаа аж. Харин АНУ-ын хөрөнгө оруулагчдын өөдрөг төсөөлөл харьцангуй буурчээ. 

Хурдаа хасна, гэхдээ...

АНУ-ын Холбооны Нөөцийн банк сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрээд буй инфляцыг хазаарлахаар бодлогын хүүгээ шинжээчдийн тооцоолж байсанчлан 0.75 нэгж хувиар өсгөхөөр шийдвэрлэв. Ийнхүү Холбооны Нөөцийн банк дөрөв дэх удаагаа дараалан бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр өсгөөд байна. Ийнхүү бодлогын хүү 3.75-4 нэгж хувийн түвшинд хүрсэн нь 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. "Хурдаа хасах ч бодлогын хүүгийн түвшин есдүгээр сард тооцоолж байснаас өндөр түвшинд хүрэх шаардлагатай байгаа"-г тус банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл бодлогын хүүгээ өгсөх циклийг зогсоохоос өмнө туулах урт зам үлдсэн байгааг илэрхийлжээ.

Шинэ эзний гарт

Тэрбумтан Илон Маск “Twitter” компанийн нийт ажиллах хүчний тэн хагасыг буюу 3700 ажилтныг цомхотгохоор төлөвлөсөн байна. Хэдхэн өдрийн өмнө сошиал медиагийн аварга компанийг 44 тэрбум ам.доллароор худалдаж аваад байсан тэрбээр бизнесийн зардлаа танах зорилгоор энэхүү арга хэмжээг авахаар болсон аж. Түүнчлэн “Twitter” компанид өмнө нь хэрэгжиж байсан зайнаас ажиллуулах бодлогыг бүрэн халж, зарим шалтгаанаас бусад үед ажилтнууд заавал оффис дээрээ ажиллах дүрэмтэй болгохоор төлөвлөжээ. 

8 долларыг ч хэмнэнэ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоан Twitter хаяг дээрх "баталгаажсан" тэмдгийг авахад сарын 8 ам.доллар төлөхгүйн тулд компанийн шинэ босс Илон Масктай ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.  Тэрбээр Туркийн телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар асуусан асуултад "Бидэнд тэр нь өөр байж магадгүй. Эсвэл Илон Масктай дипломат аргаар ярилцаж болно шүү дээ" хошигносон байна. Илон Маск Twitter-ийн хэрэглэгчийн хаягийг жинхэнэ эсэхийг баталгаажуулдаг цэнхэр тэмдэглэгээг сарын 8 ам.доллар төлж авдаг болгохоор төлөвлөж байгаа юм. Гэхдээ сүүлд явуулсан санал асуулгаар хэрэглэгчдийн 80 хувь нь энэ үйлчилгээг авахгүй болохоо илэрхийлжээ.

Домог шинэчлэгдэв

Өнөө цагт шинээр танилцуулагдаж буй автомашин бүр хосолмол эсвэл цахилгаан хөдөлгүүртэй байх болсон үед уламжлалт хөдөлгүүртэй шинэ автомашин хүмүүсийн сонирхлыг татах нь дамжиггүй. Тэгвэл "Rolls-Royce" компани 116 жилийн түүхтэй алдарт "Phantom" седан цувралынхаа хамгийн сүүлийн үеийн загвар болох  "2023 Rolls-Royce Phantom Series II"-ийг худалдаанд гаргаад байгаа билээ. Уг автомашин нь 563 морины хүчтэй V12 хөдөлгүүрээр тоноглогдсон, 100 км-т 20 литр шатахуун зарцуулдаг бөгөөд үнийн хувьд 700 мянган ам.доллароос эхэлж байна. Үүн дээр мэдээж хөдөлгүүрийн багтаамжийн өндөр татвар нэмэгдэх боловч шинэ "Phantom" зөвхөн "Rolls-Royce"-ийг бус эзнийхээ амьдралын хэв маягийг бүтнээр нь илэрхийлэх тул санаа зовох шаардлагагүй биз ээ.
 
BloombergTV.mn танд санал болгож байна

Генерал Сулейманы өшөөг АНУ-аас авах болохоо Ираны Дээд удирдагч мэдэгдэв

COVID-19-ийг Үл тэвчих бодлогын улмаас “iPhone”-ийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэл бий болов

“Ferrari” борлуулалтын төсөөллөө өсгөж, үнээ нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.