Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн энэ сарын 3-ны өдрийн 209 дүгээр зарлигаар бригадын генерал С.Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томиллоо.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүндэтгэн хүлээн авах ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо болон Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, удирдах газрын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “ЗХЖШ-ын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь цэргийн бүх шатны сургуулийг төгссөн, Зэвсэгт хүчинд тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж буй мэргэшсэн, туршлагатай, төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин томилогдож буй дээд офицер. Өнөөдөр Зэвсэгт хүчинд тулгамдаж буй олон асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч хэд хэдэн тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь илтгэхийг даалгасан. ЗХЖШ-ын даргаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргыг дэвшүүлсэн томилж буй нь Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, үйл ажиллагааны зарчимч чанарыг хадгалах, удирдлагын нэгдмэл байдлыг хангах зорилготой юм” гэдгийг онцоллоо.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилогдсон бригадын генерал С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотноо төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд суралцаж “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид суралцан “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй “Онцгойлох үнэлгээтэй” төгссөн.
2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний Батлан хамгаалахын Их Сургуулийн докторантурт суралцаж байна.
Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа, 2006 онд Батальоны захирагчийн дамжаа, 2014 онд Канад Улсад Англи хэлний анхан шатны дамжааг тус тус дүүргэсэн.
Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан Хамгаалахын Удирдлагын Академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 онд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.