СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-03

BloombergTV гурван өгүүлбэрээр: 1000 ам.доллароо хэрхэн өсгөх вэ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  • Turquoise Hill-ийн үлдсэн 49 хувийг авах саналыг нь эсэргүүцэж байсан зарим хувьцаа эзэмшигчидтэй "Rio Tinto" тохиролцоонд хүрснээ мэдээллээ
  • 10-р сард Монголын хөрөнгийн биржээр 68.4 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх сараас 3.8 дахин өссөн үзүүлэлт боллоо
  • iPhone авах уу, хөрөнгө оруулах уу? 1,000 ам.доллароо өсгөх хувилбаруудыг уншаарай.

Rio зорьсондоо хүрэв үү?

"Rio Tinto" компани "Pentwater Capital" болон "SailingStone Capital"-ийн хувьцаа эзэмшигчидтэй тохиролцоонд хүрснээ зарласнаар "Turquoise Hill Resources" компанийн үлдсэн 49 хувийг худалдан авах санал нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдэх магадлал нэмэгдэж байна. Дээрх хоёр компани "Rio Tinto"-ийн санал болгож буй үнэлгээг хэт бага гэсэн шалтгаанаар эсэргүүцэж байсан юм. Харин талууд тохиролцоонд хүрснээр энэ сарын 8-ны өдөр болох хурлаар санал өгөхөөс түдгэлзэж, уг арилжаанд оролцохгүй байх эрхээ эдлэхээр болж байгаа юм. Хурлаар санал дэмжигдсэн тохиолдолд тус хоёр компани нэгж хувьцаагаа 34.40 канад доллароор "Rio Tinto"-д зарахаар болжээ.

Хөрөнгийн зах сэргэв

Аравдугаар сард Монголын хөрөнгийн биржээр 68.4 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийсэн нь өмнөх сараас 3.8 дахин өссөн үзүүлэлт боллоо. Үнийн дүнгийн 37 хувийг "Төрийн банк" ХК-ийн хувьцааны анхдагч зах зээл дээр хийсэн 25.4 тэрбум төгрөгийн арилжаа бүрдүүлжээ. Мөн "Топ-20" индекс аравдугаар сард өмнөх сараас 2.9 хувь өсөж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.4 их наяд төгрөг болсон байна.

Байр суурь

"Монголд сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг хөгжүүлэх хөрөнгийг дотоодоосоо босгох боломж байхгүй. Заавал гадаад орнуудаас хөрөнгө оруулалт авна. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ам.доллароор санхүүжилт хийж, ам.доллароор өртгийг нөхөх ёстой болсон. Өнөөдөр тулгараад байгаа гол асуудал бол валютын ханшийн хэлбэлзэл, үүнээс шалтгаалсан үнэ тарифын зөрүү болж байна. Үүнийг шийдвэрлэх гол гарц бол эрчим хүчний тарифыг өсгөх явдал. Нүүрсний цахилгаан станцууд аль хэдийн хөрөнгө оруулалтаа нөхсөн ч өртөг өндөртэй, алдагдалтай ажилладаг. Харин нарны болон салхины станцууд нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хамгийн бага өртөгтэй, хамгийн хямд эрчим хүчийг нийлүүлэх боломжтой" хэмээн "Тэнүүн гэрэл констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Одбаатар "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

Цэвэр эрчим хүч

Монголд сэргээгдэх эрчим хүчний 11 шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүлээлттэй байгааг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хороо мэдээллээ. Монгол Улс 2019 онд сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш шинэ эх үүсвэр ашиглалтад ороогүй байгаа юм. Хуулиар салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэх нэг кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 8-9.5 цент, нарны эх үүсгүүрийн цахилгаан эрчим хүчний үнийг 15-18 центээр тогтоосон байдаг. Сүүлийн статистик мэдээллээр нийт цахилгаан үйлдвэрлэлийн 10.4 хувийг сэргээгдэх эрчим хүчний 17 эх үүсвэрээр хангаж байгаа аж.

Алт аминд орно

Аравдугаар сард Монголбанк ойролцоогоор 2.2 тонн үнэт металл худалдан авсан бол оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт юм. Олон улсын чиг хандлагыг харвал III улиралд дэлхий даяар төв банкнууд гадаад валютын нөөцөө төрөлжүүлэх зорилгоор их хэмжээгээр алт худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөл мэдээлсэн. Энэ онд төв банкнууд нийт 400 тонн гаруй алт худалдан авсан нь 1967 оноос хойших дээд үзүүлэлт болжээ.

Шинэ хурдны зам

Алтанбулаг - Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсныг Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн энэ талаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлсэн байна. Шинэ хурдны зам зургаан аймгийн 24 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бөгөөд 987 км урттай байх аж. Өмнө нь энэ чиглэл дээр нэг бус удаагийн тендер зарлагдаж байсан ч гүйцэтгэл тааруу байсан учраас гэрээ цуцлагдаж байв.

1000 ам.доллароо хэрхэн өсгөх вэ?

Төгрөгийн ханш он гарсаар ам.долларын эсрэг 20 орчим хувиар суларсны зэрэгцээ Улаанбаатар хотод инфляц 14 хувьд хүрээд буй энэ үед “iPhone”-ийн хамгийн сүүлийн загварыг худалдаж авахад 1000 ам.доллар бараг хүрэхгүй ч ухаалгаар зарцуулж чадвал бага мөнгө биш гэдгийг шинжээчид онцолж байна. Тухайлбал “TDB Securities”-ийн шинжээч Г.Маргад "өндгөө олон сагсанд хийх"-ийг зөвлөлөө.

Хятадад 1/4-ийг...

Дэлхий нийт 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг бүрэн саармагжуулах зорилтдоо хүрэхэд 100 их наяд ам.долларын ногоон хөрөнгө оруулалт хэрэгтэй бөгөөд үүний 25 хувь нь зөвхөн БНХАУ-д зарцуулагдахаар байгааг “BNY Mellon” болон “Fathom Consulting” компани хамтарсан тайландаа дурджээ. Эдийн засгийн хэмжээ болон өсөлтийн өндөр хурд нь үүний гол шалтгаан аж. Тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь шатах түлшнээс хамааралтай бөгөөд 2021 онд нийт эрчим хүчний 60 хувийг нь нүүрс ашигладаг цахилгаан станц үйлдвэрлэсэн байна. 

CO2 "шингээх" үйлдвэр

АНУ-ын газрын тосны тэргүүлэх компаниудын нэг “Occidental Petroleum”, Канадын стартап “Carbon Engineering”-тэй хамтран нэг жилд 500 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас шүүж авах хүчин чадалтай үйлдвэрийн барилгын талбайг бэлтгэж эхэлжээ. АНУ-ын Техас, Нью-Мексик мужийн нутагт орших Пермийн сав газарт байрлалтай үйлдвэр нь өдгөө байгаа ижил зориулалтын үйлдвэрээс 120 дахин том хэмжээтэй байх бөгөөд 2024 оны эцсээр үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Цаашид “Occidental Petroleum” зөвхөн шатах түлшний олборлолт бус агаараас нүүрстөрөгчийг шүүж, газрын гүнд нөөцлөх технологид илүү их анхаарал хандуулах аж.

Асар үнэтэй пянз тоглуулагч

CD тоглуулагчаараа дуу хөгжмийн ертөнцөд хувьсгал хийн гарч ирж байсан Японы өндөр зэрэглэлийн дижитал брэнд "Esoteric" гучаад жилийн дараа анхныхаа аналог пянз тоглуулагчийг танилцууллаа. "Grandioso T1" хэмээх тус тоглуулагчийн жин нь ч, үнэ нь ч нүсэр бөгөөд 7 сая 700 мянган иен буюу 52 мянган ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч байна. Нийт жин нь ойролцоогоор 45 кг буюу DJ нарын түгээмэл хэрэглэдэг алдарт Technics SL 1200-аас дөрөв дахин хүнд гэсэн үг юм. Дизайны хувьд NASA-ийн лаборатори, эсвэл таван одтой рестораны гал тогоонд байдаг төхөөрөмжийг санагдуулам аж. Сонирхуулахад пянзны борлуулалт өнгөрсөн онд 1986 оноос хойш анх удаа 1 тэрбум ам.доллар давсан билээ. 

BloombergTV.mn танд санал болгож байна

“Jade Gas Holdings” 60 сая хувьцаа нэмж гарган, 3 сая австрали доллар төвлөрүүлэхээр зорьж байна

Хонгконгт борлуулагдаагүй шинэ орон сууцуудын тоо сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрэв

“Их 20”-ийн орнууд шатах түлшний үйлдвэрлэлийг дэмжихэд 2021 онд $700 тэрбумыг зарцуулжээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.