СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2022-11-03

Хятадууд гахайн эрхтнийг сармагчинд амжилттай шилжүүлэн суулгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Хятадын Агаарын цэргийн хүчний Сиань Анагаах Ухааны Их Сургуулийн “Шижин” эмнэлэгт генийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ гэж “China Daily” сонин мэдээлжээ. 

Мэс заслыг 10 дугаар сарын дундуур хийсэн ба 14 цаг үргэлжилжээ. Сармагчнуудад элэг, бөөр, зүрх, нүдний эвэрлэг бүрхэвч, арьс ба ясны хэсэг шилжүүлэн суулгасан байна. Туршилтад дөрвөн сармагчин оролцсон боловч нэг нь үхжээ.

Үлдсэн гурван сармагчны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан эрхтнүүд нь хэвийн ажиллаж байгаа аж. Мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа үхсэн сармагчинд шилжүүлэн суулгасан элэг, бөөр нь хүлээн авагч биедээ дасан зохицож чадаагүй байна.

Хятадын эрдэмтэд "хүний эд эрхтний хомсдолын асуудлыг шийдэхэд том алхам хийсэн" гэж “Шижин” эмнэлэг мэдээлжээ. 

Тус эмнэлгийн эмч нар нэг донороос хэд хэдэн эрхтэн, эд эсийг амьтдын огт өөр бүлэгт хамаарах хэд хэдэн хүлээн авагчид нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийсэн байна. 

“Шижин” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Доу Кэфэн хэлэхдээ, “генийн хувьд өөрчилсөн амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахтай холбоотой олон бэрхшээл байсаар байна. Шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм хүлээж авахгүй байхаас зайлсхийхийн тулд донор гахайнаас гурван генийг авсан. Гэсэн хэдий ч хүлээн авагчдад дархлаа дарангуйлагч шаардлагатай байдаг бөгөөд энэ нь гаж нөлөөг нэмэгдүүлдэг" гэжээ.  

“Сармагчнуудад хэрэглэдэг зарим дархлаа дарангуйлагчийг хүнд хэрэглэх хориотой байдаг. Тиймээс илүү их судалгаа хийх шаардлагатай” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Хүний биед нян бактери, вирус, мөөгөнцөр эсвэл шилжүүлэн суулгаж буй гахайн эрхтнээс шимэгч хорхой орохгүй байх нь маш чухал гэж Доу Кэфэн онцлон хэлэв. Гэхдээ ийм асуудлуудаас зайлсхийх боломжтой гэдэгт тэрбээр илтгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

"Ксенотрансплантаци буюу биологийн нэг төрөл зүйлээс өөр төрөл зүйлд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь донор эрхтэн, эд эсийн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй анагаах ухааны хөгжилд эргэлт хийнэ. Энэ нь биологийн болон эмнэлзүйн шинэ технологийг хөгжүүлэхэд түлхэц болж, эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө" гэж профессор дүгнэн хэлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.