Хоёр настай хүүхдээ ТҮЦ-т үлдээж явсан эхэд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.
Иргэн Н архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох 2 нас 1 сартай О-г Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орхижээ. Прокуророос Н-ийн уг үйлдлийг “хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь төрүүлсэн үр хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй, хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ болох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н-ийг хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг нь харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуульд “ …хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаалахаар, “... сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болох”-оор заасны дагуу 2 нас 1 сартай охин О-ын эрх, ашиг сонирхлыг хамгаалуулах асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулахад, хүүхдээ орхисон эмэгтэй согтуурсан үедээ хоёр нас, 1 сартай охиноо тэврэн автобусаар зорчиж явахад нь өөр нэгэн бүсгүй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс охиныг ээжээс нь авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхийг хүсжээ.
Энэ тухай шүүгдэгч эмэгтэй “Би согтуу ч гэсэн ухаантай байсан. Тиймээс тэр эмэгтэйгээс хүүхдээ авах гээд “Миний хүүхдийг өгчих, би аюулгүй харина” гэж их гуйсан. ТҮЦ-ийн худалдагч ч үүнийг гэрчилсэн байна лээ. Тэгтэл тэр эмэгтэй согтуу чамд хүүхдийг чинь өгөхгүй. Одоо чамайг цагдаа дуудаж бариулна гээд 108-руу залгахаар нь би айгаад явчихсан юм. Тэр үед хажууд байсан хүмүүсээс цагдаад өгчихөөр торгууль төлөх болов уу гэж асуухад нэлээн их хэмжээний мөнгө төлж байж хүүхдээ авна. Чамайг хорьж ч магадгүй гэсэн. Би ажил олж хийгээд мөнгөтэй болж ирээд хүүхдээ авъя гэж бодсон” гэж ярьж байв.
Харин охиныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн, иргэний үүргээ биелүүлсэн эмэгтэй “Эргээд хартал ээж нь алга болчихсон байсан” гэж мэдүүлжээ. Цагдаагийн байгууллагаас эцэг, эхийг олж тогтоохоор сар гаруйн хугацаанд эрэн хайх ажиллагааг явуулснаар эмээг нь олж түр хамгаалах байрнаас хүүхдийг гаргаж, хүлээлгэн өгч байв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.