СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-02

BloombergTV гурван өгүүлбэрээр: Turquoise Hill-ийн хурал хойшлов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

-Tөлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны I-IX сард 1.35 тэрбум ам.доллар болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн дүн болов

-Монголын өнөөгийн хөрөнгө оруулалтад зөвхөн эрсдэл, хүүгийн түвшин л яригдаж байна

-Turquoise Hill-ийн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авах "Rio Tinto"-ийн саналыг шийдвэрлэх хувьцаа эзэмшигчдийн хурлыг 11 дүгээр сарын 08 болгож хойшлууллаа

Төлбөрийн тэнцэл

9-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 163.11 сая ам.долларын ашигтай гарсныг Монголбанк мэдээллээ. Тухайн сард экспортын орлого нэг тэрбум ам.доллар хүрсэн ч импортоор худалдан авсан бараанд 733 сая ам.доллар төлсөн байна. Харин оны эхнээс есдүгээр сар хүртэлх хугацааг авч үзвэл төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум 358.94 сая ам.доллар хүрсэн нь өмнөх оны ижил хугацааны гүйцэтгэлтэй харьцуулахад 2.3 дахин өссөн дүн болжээ. 

Худалдааны тэнцэл үнэндээ...

Үндсэн гэрээгээр авч үзвэл худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулж байгаа мэт харагдаж байгаа боловч яг жинхэнэ худалдааны тэнцэл 9-р сарын байдлаар 117 сая ам.долларын л ашигтай байгааг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн. Тиймээс экспортын 94 хувийг эзэлдэг цөөхөн нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоо нэмэгдүүлж чадвал төлбөрийн тэнцэл ашигтай гарах тооцоолол байгааг тэрбээр УИХ-ын чуулганы үеэр мэдээлсэн билээ.

Байр суурь

"Хөрөнгө оруулагчдын мөнгө цаанаа ямар баялаг бүтээж байна, эдийн засагт ямар үнэ цэн бий болгож байна гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Монголд одоогоор байгаль орчинтой холбоотой ойлголт орж ирээгүй, зөвхөн эрсдэл, хүүгийн түвшингээ яриад байж байна. Гэтэл дэлхий нийтэд хөрөнгө оруулагчдын checklist-ийн нэгдүгээрт тухайн бизнес маань зөв бизнес хийж байна уу, байгаль орчиндоо ээлтэй байна уу, засаглалын хувьд эрүүл байна уу, хууль ёсны дагуу байна уу гэсэн асуултууд ордог. Монголын хөрөнгө оруулагчид ч энэ ойлголт руу бага багаар хөрвөөд явна гэж харж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татварын таатай орчноор дэмжих нь өнөөдөр үнэхээр дутагдаж байгаа. Дотоодын нөөц боломжоос илүүтэйгээр гаднын санхүү, мөнгийг зөв зохистой, гэрээний болон зарчмын дагуу зарцуулж байж зах зээл өснө" хэмээн "Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.

TRQ-ийн хурал хойшлов

"Turquoise Hill Resources" компанийн 49 хувьд ногдох хувьцааг худалдан авах "Rio Tinto"-ийн саналыг шийдвэрлэх хувьцаа эзэмшигчдийн хурлыг орон нутгийн цагаар 11-р сарын 08-ны 10:30 цагт болгож хойшлуулжээ. Хэдийгээр өчигдөр хурал болох ёстой байсан ч "Rio Tinto"-ийн хүсэлтээр хойшлуулж байгаагаа TRQ компани хурлын анхны товоос ердөө хагас цагийн өмнө мэдэгдсэн байна. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан санал өгөх хугацааг энэ сарын 4 хүртэл, бүртгэлтэй хувьцаа эзэмшигчид эсэргүүцсэн санал хүргүүлэх хугацааг энэ сарын 7 хүртэл болгож сунгасан байна.  

MEC-ийн орлого сэргэв

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани 2022 оны гуравдугаар сараар эцэслэсэн бүтэн жилийн аудитлагдсан тайлангаа танилцууллаа. Хөшөөтийн нүүрсний уурхайд олборлолт хийдэг тус компани тайлант хугацаанд 1.5 тэрбум хонгконг долларын орлоготой ажилласан байна. Энэ нь жилийн дүнгээр 82 хувиар өссөн үзүүлэлт болсон ч өмнөх санхүүгийн жилд тус компанийн үйл ажиллагаа, борлуулалт сул байсантай холбоотой болохыг дурджээ. Боомтын хязгаарлалт суларсан, БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт өссөн, мөн БНХАУ Австралийн нүүрсний экспортод хориг тавьсан нь тус компанийн нүүрсний экспорт өсөхөд эергээр нөлөөлсөн аж.

Цахилгааны төлбөр нэмэгдэв

Аж ахуйн нэгж, байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 14-28 хувиар нэмэх шийдвэр хэрэгжиж эхэлснийг Эрчим Хүчний Яамнаас мэдээллээ. Тодруулбал сард 5,000 кВт.цагаас доош хэрэглээтэй ААН-ийн цахилгааны төлбөрийг 14 хувь, 5,001 ба түүнээс дээш кВт.цагийн хэрэглээтэй бол 28 хувиар нэмж байгаа аж. Харин уул уурхай, үүрэн телефоны оператор компани, банкны салбарын байгууллагуудыг санхүүгийн ачаалал даах чадвартай гэж үзсэн тул сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2,000 кВт.цагаас дээш 28 хувиар нэмжээ.

Уналтын эрсдэл нэмэгдсээр...

Евро бүсийн инфляц дахин бүх цаг үеийн дээд түвшинд хүрснээр эдийн засгийн уналтаас зайлсхийх боломжгүй гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлжээ. Аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн медиан таамаглал болох 10.3 хувиас хол давсан үзүүлэлт боллоо. Бизнесүүд, айл өрхүүдэд эрчим хүчний хямралын сөрөг нөлөөлөл үргэлжилсэн хэвээр байгаа тул энэ өвөл Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн агших төлөвтэй байгаа юм.

Хятадын ноёрхлыг зогсооно

Ухаалаг гар утаснаас эхлээд зэр зэвсэг хүртэл орчин үеийн бүхий л технологид ашиглагддаг газрын ховор элементийн салбар дахь БНХАУ-ын ноёрхлыг багасгахын тулд Япон улс далайн ёроолд 6000 метрийн гүнд олборлолт хийхээр төлөвлөж байгааг “Yomiuri” сонин мэдээллээ. Тус улсын Засгийн газар ирэх санхүүгийн жилд Токиогоос өмнө зүгт орших Огасавара арлын ойролцоогоос газрын ховор элемент олборлох аргачлалыг хөгжүүлж эхлэх бөгөөд дараагийн таван жилийн дотор хайгуулын ажлаа эхлүүлэхээр зорьж байгаа аж. Хайгуулын ажилд энэ оны VIII болон IX саруудад Ибараки мужийн эргийн ойролцоо амжилттай туршсан технологи ашиглах юм байна. Тодруулбал “Chikyu” хэмээх өрөмдөгч машинаар өдөрт 70 тонн шавар гаргаж, шигшилтэд бэлэн болгох боломжтойг онцолжээ.

Луут тамга

19-р зуунд урласан Вьетнамын хааны тамганы дуудлага худалдаа өчигдөр Францад болох ёстой байсан ч хойшлогджээ. Учир нь Ханойн зүгээс энэхүү бүтээлийг буцааж авах талаар хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсэн аж. Нисдэг лууны дүртэй, 11 кг жинтэй энэхүү хүрэл тамгыг 1823 онд бүтээсэн бөгөөд 3 сая гаруй еврогоор үнэлэгдэж байгаа аж.

Гиперинфляц эргэн ирэх үү?

Венесуэльд инфляцын түвшин дахин огцом өссөнөөр Ерөнхийлөгч Николас Мадурогийн авчирсан эдийн засгийн хэврэгхэн сэргэлт үр дүнгүй болох эрсдэлд оржээ. Сүүлийн гурван сарын хугацаанд тус улсын хэрэглээний үнэ 359 хувиар нэмэгдсэнийг "Bloomberg" тооцоолсон байна. Гэхдээ 2019 онд үнэ 300,000 хувиар нэмэгдэж, гиперинфляцын түвшинд хүрч байсныг бодвол энэ нь маш бага боловч оны эхэн үетэй харьцуулахад санаа зовоохуйц дүн юм. 

Эх сурвалж: BloombergTV.mn
 
BloombergTV.mn танд санал болгож байна

“Saudi Aramco”-ийн III улирлын цэвэр ашиг компанийн хоёр дахь дээд үзүүлэлт болов

Япон улс иений ханшийг сэргээхийн тулд $42 тэрбумыг зарцуулжээ

“Binance” крипто бирж “Twitter”-ийг сайжруулах ажилд туслах баг бүрдүүлнэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.