СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-01

Bloomberg TV гурван өгүүлбэрээр: Долларжилт нэмэгдсээр...

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө
  1. Есдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн 26.9 хувь нь гадаад валютын хадгаламж байна.
  2. Монгол жижиг эдийн засаг учраас 1-2 тэрбум ам.доллар ороод ирэхэд л валютын ханш тогтворжино (Байр суурь хэсгээс дэлгэрүүлж уншаарай)
  3. Ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, компанийн ашгийг өсгөх шилдэг арга нь тэдэнд хувьцаа олгох явдал.

Долларжилт өссөөр

Есдүгээр сарын байдлаар төгрөгийн хадгаламж 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өсжээ. Монголбанкны статистик мэдээллээр есдүгээр сарын байдлаар нийт хадгаламжийн 26.9 хувь нь гадаад валютын хадгаламж байна. Харьцуулахад 2019 оны мөн үед буюу цар тахлын өмнө нийт хадгаламжийн 23.9 хувь нь гадаад валютын хадгаламж байжээ.

Ядуурал 42 хувьд хүрсэн үү?

2020 онд нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөг байсан бол 2022 онд 30 сая төгрөг болж нэмэгдсэн, 2023 оны улсын төсөвт өрийг багасгах талаар заалт тусгаагүй байна. Мөн ядуурлын түвшин 42 хувьд хүрснийг албан эх сурвалж мэдээлсэн хэмээн УИХ дахь АН-ын бүлэг даваа гарагт мэдээлэв. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн төсвийн ажлын хэсгээс мэдээлэхдээ "2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр тусгасан боловч, 2024 онд хүлээгдэж байгаа санхүүжилт 1.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Хэдийгээр 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй боловч, төсвийн ачаалал ирэх жилүүдэд төдийлөн буурахааргүй байгаа" хэмээн онцлов.

Байр суурь

"Өнгөрсөн хугацаанд ам.долларын хадгаламж өссөн шалтгаан нь нэгдүгээрт мөнгөний нийлүүлэлт 7 их наяд төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой. Хоёрдугаарт гэвэл бодлогын хүүгийн хүлээлтийн улмаас банкны системд бараг 600 сая ам.долларын "долларжилт" явагдсан байна. Энэ бол импортын нэг сарын хэрэгцээг хангах хэмжээний дүн. Гуравдугаарт импортын тансаг хэрэглээ. Харин хамгийн чухал нь бидний нүүрсний орлогоос хүлээгдэж байгаа бараг 600 сая ам.доллар оффтейк гэрээгээр гарч явснаар валютын ханш өссөн. Ирэх онд юу хүлээгдэж байна гэхээр манайх маш жижиг эдийн засаг учраас 1-2 тэрбум ам.доллар ороод ирэхэд л эдийн засаг, валютын ханш тогтворжино. Тэгэхээр гол нүүрс экспортлогч "Эрдэнэс-Таван толгой"-оос бодит доллар орж ирэх ёстой байна" хэмээн эдийн засагч Г.Батзориг "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм

ББСБ-ын тоог багасгана

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгай зөвшөөрлийн тоог бууруулж тусгасныг СЗХ мэдээллээ. Төсөлд бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд голлон анхаарснаар салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудад санхүүгийн хүртээмжийг тэлэх боломжийг нээж өгөх ач холбогдолтой гэдгийг онцолсон байна. Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж, Эдийн засгийн байнгын хороо руу эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болжээ. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль анх 2002 онд батлагдаж есөн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Дундад Азид тэлнэ

"Call Pro" компани Киргиз улсад түгээмэл ашиглагддаг банк, банк бус санхүүгийн системүүдтэй интеграц хийж автоматжуулалтын ажлуудыг нэвтрүүлээд байгаагаа мэдээллээ. Тус компани 2022 оноос "Киргиз Телеком" компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа эрчимжүүлж, дараа дараагийн техникийн болон борлуулалтын ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа аж. Компанийн хийсэн зах зээлийн судалгаагаар Киргиз болон Монгол улсын бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулах үнэ ойролцоо байсан тул үйлчилгээний үнэ хямд байх боломжтойг харуулсан гэдгийг онцолжээ.

Коридор нээгдэв

Ховд, Баян-Өлгий аймгуудад ОХУ-ын хилийн боомтоос БНХАУ-ын хилийн боомттой холбогдох босоо тэнхлэгийн 745 км авто замыг бүрэн ашиглалтад орууллаа. 2012 оноос хойш үе шаттайгаар хэрэгжиж байсан энэ бүтээн байгуулалтыг улсын төсөв, БНХАУ-ын Засгийн газрын зээл, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэжээ. Тус авто зам нь Ази, Европыг холбосон 4500 км гаруй үргэлжлэх транзит коридорын нэг хэсэг болж байгаа. Энэхүү тээврийн коридор  Шинжаан Уйгурын Өрөмч хот, Ховд аймгийн Булган боомт, Ховд болон Өлгий хотууд, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэл үргэлжилнэ.

Дэлхийн топ уурхайнууд

"Mining.com" вебсайт ашигт малтмалын нийт нөөц болон үнэлгээ дээр үндэслэн дэлхийн хамгийн үнэ цэнтэй 10 уурхайг тодруулсан байна. Энэхүү эрэмбэд ажлын бааз бүхий үнэт металлын уурхайнуудыг хамруулсан бөгөөд “Mining Intelligence” компанийн тайланд түшиглэн гаргажээ. Жагсаалтын нэгдүгээрт ОХУ-ын алс умард бүс нутагт орших "Норильск" никелийн уурхай, хоёрдугаарт Австралийн өмнөд хэсэгт орших 1970-аад оны дунд үед нээгдсэн “Olympic Dam” уурхай бичигджээ. Харин гуравдугаарт ӨАБНУ-д байрлалтай 1990-ээд онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Могалаквена” уурхай орсон бол дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чилийн “Эскондида” дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

"Porsche" хаширлав

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” компанийн орлого энэ он гарсаар эрс өссөн ч оны сүүлийн саруудад өсөлт саарна гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгахад хангалтгүй байлаа. Оны эхний есөн сард тус компанийн үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсөж, 5.05 тэрбум евро буюу таван тэрбум ам.доллар хүрсэнд валютын ханшийн зөрүү багагүй хэмжээгээр нөлөөлснийг мэдээлжээ. Хэдий тийм боловч IV улиралд илүү олон сорилт тулгарах төлөвтэй тул тус компани бүтэн жилийн ашгийн төсөөллөө нэмэгдүүлээгүй байгаа аж. Энэ сарын эхээр “Porsche” Франкфуртын Хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжаалснаар зах зээлийн үнэлгээ нь “Volkswagen”-ийг гүйцэж, Европын хамгийн үнэ цэнтэй авто үйлдвэрлэгч болсон юм.

Гэртээ харьцгаая!

БНХАУ-ын Жөнжоу хотод орших "Apple" компанийн хамгийн том үйлдвэрийн ажилчид гэнэтийн хөл хорионд орох вий гэсэн болгоомжлолын үүднээс ажлаас орхиж эхэлжээ. Байрлаж ажиллуулдаг журамтай тус үйлдвэрээс гэртээ харьж буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа гэдгийг Хэнань мужийн орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдэж байна. Тус мужийн 6 хотын орон нутгийн захиргаанаас гэртээ ирж байгаа үйлдвэрийн ажилчдыг шинжилгээнд хамрагдаж, хэд хоногийн турш тусгаарлалтад орохыг шаардсан байна. Харин үйлдвэртээ үлдэхээр шийдсэн ажилтнуудыг аюулгүй байдлаар хангаж, нэмэлт цалин олгоно гэдгээ "Foxconn" мэдэгдээд байна. Тэдний зүгээс орон нутгийн захиргаатай хамтран гэртээ харихыг хүссэн ажилчиддаа автобус унаагаар үйлчилж байгаа юм.

Ажилтнуудаа эзэн болго

Баялгийн тэгш бус хуваарилалттай тэмцэхийн зэрэгцээ ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, компанийн ашгийг өсгөх шилдэг арга нь юу вэ? Энэ асуултын хариулт нь ажилтнуудад хувьцаа олгох явдал гэж АНУ-ын хөрөнгө оруулалтын "KKR" фирмийн менежментийн багийн гишүүн Пит Ставрос зөвлөж байна. Түүний хувьд ажилтнууддаа хувьцаа олгох талд компаниудад туслалцаа үзүүлэх зорилгоор "Ownership Works" нэртэй ашгийн бус байгууллага байгуулжээ.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia
 
BloombergTV.mn танд санал болгож байна

ЗГХЭГ: Тавантолгойгоос Цагаанхад хүртэл нүүрс тээврийн автомашины тоог нэмэх шаардлагатай

ХСҮТ: Хавдрын туяа эмчилгээний хамрагдалт олон улсын стандартад хүрэхгүй байна

New York Times: Илон Маск “Twitter” компанид хийх цомхотголоо XI/01-нээс өмнө дуусгана

Онцлох чарт

ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлгүүд дроны цохилтод өртсөний дараа Кремлийн зүгээс Украины үр тарианы экспортын тээвэрлэлтийг саадгүй дамжин өнгөрүүлэх тухай НҮБ-тай байгуулсан гэрээгээ цуцлах болохоо мэдэгдээд байгаа билээ. Энэ гэрээний дагуу наймдугаар сараас хойш Украины гурван боомтоос 9 сая тонн гаруй үр тариа, бусад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгдээд байгаа аж. Энэ коридор хаалттай хэвээр үлдвэл дэлхийн газар тариалангийн зах зээлд цохилт болж, тэр дундаа ядуу буурай орнуудад өлсгөлөнгийн хямрал даамжрах эрсдэлтэй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.