СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-11-01

Он дамнасан Үндэсний номын сангийн шинэ барилга дахин “гацав”

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Дэлхийн жишигт нийцсэн гэх тодотголтой “Чингис хаан, хаад язгууртны музей” аравдугаар сарын 11-нд нээлтээ хийж, үзэгчдээ хүлээн авлаа. Тус музей ердөө гурав хүрэхгүй жилийн дотор сүндэрлэсэн юм.

Музей үзэх, үзмэрүүдийг хүндэтгэн дээдлэх, түүхийн талаарх цогц мэдээллийг олж авахад тусалдаг газар нь номын сан.

Манай улсад Үндэсний номын сан шаваа тавьж, олон мянган сэхээтний оюуны царааг тэлсээр 101 жил өнгөрлөө. Гэвч тус номын сан хуучин байрандаа үйл ажиллагаа явуулсан хэвээр.

Үндэсний номын сангийн шинэ байр барих ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсан ч 2014 онд барилгын сууриа анхлан тавьсан байдаг. Гэвч газрын маргаан, санхүүжилт зэргээс үүдэн ашиглалтад оролгүй найман жил боллоо. 

Энэ ондоо багтаан номын сангийн шинэ барилга нээлтээ хийнэ хэмээн хүлээж байсан ч барилгыг гүйцэтгэгч компанийн өмчлөлтэй холбоотой асуудал үүссэнээр барилгын ажил дахин хойшлохоор болжээ.

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны аравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Үндэсний номын сангийн барилгатай холбоотой Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр Соёлын дэд сайд М.Батбаяр:

-Үндэсний номын сангийн барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь таалал төгсөж, компанийн өвлөгч /удирдлага/-ийн асуудлыг шийдвэрлээгүйгээс хэвийн үйл ажиллагаа алдагдаж, компани эрх зүйн чадамжгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон. Соёлын яамнаас асуудлаа шуурхай шийдвэрлэж ажлаа явуулах талаар тус компанийн төлөөлөлтэй 10-аас дээш удаагийн уулзалт хийсэн ч эцсийн шийдэлд хүрсэнгүй.

Мөн яамнаас энэ оны есдүгээр сарын 26-ны өдрийн 3/2479 тоот албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “Акми Холдинг” ХХК-ийн холбогдох хүмүүст хүргүүлж, хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон үлдэгдэл ажлыг тооцож авах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэж ярьсан.

Ингэснээр Үндэсний номын сангийн шинэ барилга дахин хойшлох болсон юм.

Үндэсний номын сангийн шинэ барилгын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас /хуучнаар/ “Акми Холдинг” ХХК-тай 2014 оны  наймдугаар сарын 21-ний өдөр 11 тэрбум 999 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш нийт таван удаа гэрээний үргэлжлэх хугацааг сунгасан байна. Энэ оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдэн, нийт төсөвт өртөг 19.9 тэрбум төгрөг болж, тухайн онд санхүүжих дүн хоёр тэрбум төгрөгөөр батлагдсан байдаг.

Одоогийн байдлаар барилгын А, Б, В блокуудын өрлөг, дээвэр, дотор шавар, хар шал, гадна бохир усны шугамын угсралтын ажил, шилэн фасад, халаалт салхивчны ажил, хөргөлтийн шугамын сүлжээ, гадна холбооны сувагчлал, гадна цахилгааны кабелын зэрэг ажлыг хийжээ.

ГУРВАН ЖИЛ ӨНГӨРСӨН Ч БАРИЛГЫН ЯВЦ 20 ХУВИАР УРАГШИЛЖЭЭ

Тухайн ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл болсон бичиг соёлын их өв, үнэт бүтээлийг хадгалан хамгаалдаг Үндэсний номын сангийн одоогийн барилгыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж ашиглалтад оруулж байсан бол өнөөдрийн байдлаар гурван сая орчим номтой болж өргөжжээ. 

Даац 5-6 дахин нэмэгдсэнээс барилгын төв хэсгийн ачаалал хэтэрч, барилгын хана гадна талаасаа хагарч цуурсан, тоосгон багануудын шавардлагад хэвтээ чиглэлтэй ан цавууд үүссэн дүр зурагтай байна. Шинэ байр ашиглалтад ороогүй учир МХЕГ-ын дөрвөн удаагийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн барилгад номын санчид ажиллаж байна. Тиймээс шинэ барилгатай болох зайлшгүй шаардлага үүссэн билээ.

Энэ талаар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:

-Номын сан зөвхөн ном уншуулдаг газар биш. Хүнийг өөрийгөө олоход нь тусалдаг, эрдэм дэлгэрүүлдэг, шинэ санаа өгдөг, шинэ соёл түгээдэг газар юм. Монголын номын санг дэлхийн жишигт хүргэх, олон улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг болох алхмыг бид хийх ёстой. Номын сангийн дараагийн үсрэнгүй хөгжил бол үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавихад оршино. Үндэсний цахим номын сангийн суурийг зөв тавьснаар бид дэлхийн боловсролтой хөл нийлсэн уншигчдыг төрүүлнэ. Гэвч он удаанаар хүлээж байгаа номын сангийн шинэ барилга хараахан ашиглалтад ороогүй байна гэв.

“Зууны мэдээ” сонины 2019  оны аравдугаар сарын 23-ны дугаарт  “Үндэсний номын сангийн үнэн төрх” гарчигтай сурвалжлага нийтлэгдсэн. Бид тус сурвалжлагаа бичих үеэр номын сангийн шинэ барилга 70 гаруй хувьтай үргэлжилж байсан бөгөөд 2020 оны наймдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийг өгч байв.

Үүнээс хойш гурван жил өнгөрсөн ч барилгын явц 20 орчим хувиар л урагшилжээ. Энэ талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Үндэсний номын сангийн бүтээн байгуулалт маань 2013 онд эхэлсэн. Одоогоор 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж “Зууны мэдээ” сонинд энэ оны аравдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа дурдсан. Үүнээс гадна өнгөрсөн оны есдүгээр сарын дунд үеэр барилгын явц 87 хувьтай үргэлжилж байгааг Үндэсний номын сангийн удирдлагуудад мэдээлж байв.

Тэгэхээр нэг жил гаруй хугацаанд барилгын явц ердөө гурван хувиар л ахисан уу гэсэн асуудал үүсч байгаа юм.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Үндэсний шинэ номын сангийн барилгын явцтай танилцах үеэрээ “Үндэсний номын сангийн шинэ барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Бид үр хүүхдэдээ өв, соёлоо үлдээх учиртай” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байв.

Гэвч дэлхийн жишигт нийцсэн музей гурван жилийн дотор ашиглалтад ордог атлаа дэлхийн жишигт нийцсэн номын сан нь арав орчим жил гацдагийн цаад учир юу бол...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. МЯГМАР ГАРАГ. № 212 (6944)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.