Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид явган хүний дүүжин гүүр нурсны улмаас 141 хүн амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настнууд байсан гэж албаныхан мэдээлжээ.
Морби хот дахь тус гүүрэнд засвар хийсний дараа ердөө долоо хоногийн өмнө эргэн нээгээд байсан аж. Нийт 230 метр урттай энэхүү гүүр нь анх 19-р зуунд баригдсан бөгөөд аялал жуулчлалын алдартай газар юм. Тэгвэл ням гаргийн орой тус гүүрэн дээр Дивали баярыг тэмдэглэсэн олон зуун хүн цугларсан бөгөөд улмаар орон нутгийн цагаар 18:40 цагийн орчимд гүүр нурсан гэж ослын газарт байсан гэрчүүд хэлсэн байна.
Орон нутгийн цэрэг, цагдаа болон гамшгаас хамгаалах алба одоогийн байдлаар 177 хүнийг аварсан бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэжээ. Гэвч амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг албаны хүмүүс тэмдэглэсэн.
Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлээд, нөхөн олговор олгохоо мэдэгдсэн. Мөн бүс нутгийн эрх баригчид энэхүү ослын талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаа амласан бөгөөд уг явдалтай холбоотой хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгээд байгааг Дотоод хэргийн сайд Харш Сангави хэлжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.