Шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг манай улсад ажилласан. Энэ ажлын хэсгийн дүгнэлтээр маш ичмээр зүйл гарсан. Монгол улсад хууль, хүний эрх ер нь байна уу гэсэн ноцтой дүгнэлтүүдийг хийсэн.
Ажлын хэсгийн дүгнэлтэд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдал жирийн үзэгдэл болсон. Хуульч байлцуулахгүйгээр байцаалт авдаг нь хэвшмэл болсон гэж дүгнэсэн. 2020 онд нийт баривчлах ажиллагааны 99,3 хувь нь, 2021 онд 98,3 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн болохыг НҮБ-ын шинжээчид мэдэгдсэн.
Цар тахлаар далимдуулж иргэдийн тайван жагсах, цуглах, эвлэлдэн нэгдэх, үгээ хэлэх эрх чөлөөг цагдаагийн байгууллагаас тасалдуулах явдал удаа дараа гарсныг НҮБ-ын шинжээчид дүгнэсэн. Иймээс ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт асуулга явуулж, цаашлаад УИХ-ын гишүүдэд уг дүгнэлттэй санал нийлж байгаа эсэх, засварлах талаар хэлэлцэж, арга хэмжээ авна.
2023 оны есдүгээр сард уг дүгнэлтийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 94-р чуулганд хэлэлцэх юм билээ. Хэрэв энэ асуудлыг тухайн чуулганд хэлэлцвэл Монгол улс дэлхийн шившиг болно. Хүний эрхийн асуудлаар маш олон байр хойш ухрах эрсдэлтэй. Тийм учраас онцгой анхаарахыг хүсэж байна. Шаардлагатай тохиолдолд Хүний эрхийн дэд хороог хуралдуулах болно.
Би Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байна. 1921-1990 он ялангуяа 1930-аад оны хэлмэгдлийн үеийн асуудлыг өнөө болтол бид хор уршгийг нь арилгаж дуусгаагүй байгаа.
УИХ-ын гишүүний хувьд Монгол улсын бүх хууль тогтоомжид хүний эрхийг дээдлэх чиглэлээр ямар зүйл, заалт дутуу байна, түүнийг нэмэлтээр өргөн барихаар бэлтгэж байгаа. Цаашилбал, бид хүний эрхийг дээдлэхгүй бол хоригт орох магадлал өндөр байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.