СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-10-31

Bloomberg TV гурван өгүүлбэрээр: БНХАУ хилээ хэзээ нээх вэ?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

-ЗГ: Тавантолгойн бүлэг ордоос Цагаанхад суурьшлын бүс хүртэл нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ.

-БНХАУ боомтуудаа 2023 оны эхний хагас хүртэл бүрэн нээхгүй гэж “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон 18 эдийн засагчийн 11 нь таамаглав.

-АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өмнө тооцоолж байснаас өндөр дүнгээр өсгөнө гэж Goldman Sachs-ийн эдийн засагчид үзэж байна. 

Хармагтай ба Xanadu

Хармагтай ордод үйл ажиллагаа явуулж буй, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани 3-р улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани Хармагтай төсөлд Хятадын Zijin Mining Group-тэй стратегийн түншлэл байгуулан ажиллаж байгаа. 3-р улиралд талууд хэлэлцээрээ ахиулсан бөгөөд хамтарсан компани байгуулах хүрээнд үйл ажиллагааных нь төлөвлөгөөг эцэслэсэн байна. Мөн төслийн урьдчилсан байдлаар ТЭЗҮ-ийг боловсруулж дууссаны зэрэгцээ өөрийн 100% эзэмшдэг Улаан уул талбайд түр зогсоогоод байсан хайгуулын хөтөлбөрөө дахин эхлүүлжээ. Харин 4-р улиралд Хятадын зохицуулах байгууллага болон Xanadu Mines-ийн хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах ажил хүлээгдэж байна. 

Бидисек-ийн тайлан

Бидисек ҮЦК ХК 3 дугаар улирлын байдлаар 1.8 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх улирлаас 1.9 дахин өссөн үзүүлэлт боллоо. Tайлант хугацаанд 1.4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардал гаргасан ба 3.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Алдагдал нь өмнөх улирлаас 269 сая төгрөгөөр өсжээ. Ковид болон олон улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор инфляцын түвшин өсөж, төгрөгийн ханш суларснаар хөрөнгийн зах зээлийн орчинд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгааг компани мэдээлж буй. Иймд компанийн зүгээс биржийн бус зах зээл дээр өндөр өгөөжтэй, эрсдэл багатай, хаалттай бондууд санал болгон ажиллаж байгаа юм байна.

Байр суурь

"Хятадын том худалдан авагчид өөрсдөө нэгдсэн бодлоготой, нэг гарцтай байдаг. Тиймээс Монгол улс бас адилхан нэг цонхоор харьцдаг, уралдан үнээ буулгаж бие биенээ хорлодоггүй байлгахын тулд Эрдэс баялгийн бирж байгуулах нь зөв байсан. Одоо бол анхныхаа зорилгоос тэс өөр юм яригдаж байна. Хувийн хэвшил тухайн үед өөрсдийн бизнесийн шийдлийг гаргаад яаралтай журмаар нүүрсээ зарсан байж болно. Гэтэл тэрийг нь ойлгохгүйгээр заавал жишиг үнэ гаргаж ирээд, өндөр үнээсээ роялти авах зорилгоор бирж рүү шахаж байгаа нь буруу шийдэл гэж харж байна. Зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Тэгэхдээ Монгол улсынхаа үндэсний эрх ашгийг хамгаалах ёстой" хэмээн эдийн засагч Ч.Отгочулуу "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.

Мега төслийн ахиц 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хоёр, гуравдугаар багцад багтсан барилга угсралтын ажил гүйцэтгэх хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Мега Инженеринг Инфрастракчер компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус бүтээн байгуулалтыг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгана гэж компани үзэж байна. Харин эхний багц ажил болох 44 км ус дамжуулах хоолой, 30 мянган метр куб багтаамжтай цэвэр усны байгууламж зэрэг технологийн бус барилга байгууламжийн ажил ирэх онд дуусах товтой байна. 

Тогтвортой үйлдвэрлэл

Малчнаас хэрэглэгч хүртэлх тогтвортой түүхий эдийн нийлүүлэлт ба үйлдвэрлэлийг нэмүү өртгийн сүлжээний үе шат бүрд нэвтрүүлэх “STeP EcoLab” төсөл хэрэгжиж дууслаа. Ингэснээр одоогоор 700 малчин өрх "Тогтвортой ноолуур" гэрчилгээ авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс болон Европын зах зээлтэй холбоход дөхөм болохоор байгаа аж. Төслийг Европын Холбооны санхүүжилттэй "Switch Asia II" хөтөлбөрийн хүрээнд 2018-2022 онд хэрэгжүүлжээ.

Хятад хэзээ нээгдэх вэ?

Эдийн засагчид 2024 он хүртэлх БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа. Шинэ төсөөллийн дагуу БНХАУ-ын эдийн засаг 2024 он хүртэл жил бүр таван хувиас бага хэмжээгээр өснө гэсэн байна. Харин энэ оны эцсийн эдийн засгийн өсөлтийн дундаж төсөөлөл 3.4 хувиас 3.3 хувь болж буурсан бол ирэх жилийн үзүүлэлтийг 5.1 хувиас 4.9 хувь болгон бууруулжээ. Мөн “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон 18 эдийн засагчийн 11 нь БНХАУ боомтуудаа ирэх оны эхний хагас хүртэл бүрэн нээхгүй гэж таамагласан байна. 

Дэлхийн сайн сайхны төлөө

БНХАУ цаашид АНУ-тай хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэхэд бэлэн байгааг тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдлээ. “Харилцан хүндлэл, энх тайвнаар зэрэгцэн орших зарчим, аль аль талдаа ашигтай түншлэл дээр суурилсан шинэ эринд БНХАУ зөвхөн хоёр улсад бус дэлхий нийтэд ашиг тусаа өгөх хамтын ажиллагааны зөв арга замыг эрэлхийлэхийн төлөө АНУ-тай хүчээ нэгтгэн ажиллахад бэлэн байна” хэмээн тэрбээр өгүүлжээ. Ши Жиньпин ирэх сард болох “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзах магадлал өндөр байгаа юм

Саудын Арабын тэргүүлэв

Саудын Араб улсын гадаад валютын нөөц есдүгээр сард өмнөх сараасаа 36.8 тэрбум риялаар нэмэгдэж 1.69 их наяд риял буюу 448.8 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Боловсруулаагүй газрын тосны өндөр үнийн нөлөөлөл дэлхийд газрын тосны экспортоор тэргүүлэгч тус улсын нөөцийг арвижуулсны зэрэгцээ үйлдвэрлэлд эзлэх хувиас хамааран нөөцийн дээд болон доод хязгаарыг тогтоох арга хэмжээ аваад байсан юм. Ингэснээр "Их 20"-ийн бүлгийн орнууд дундаас Саудын Арабын эдийн засаг өсөлтөөрөө тэргүүлсний зэрэгцээ сүүлийн арваад жилд анх удаа төсвийн тэнцэл нь ашигтай гарахаар байгаа аж.

Арай гэж ялав...

Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд тооцоолоогүй үр дүн гарч, зүүний үзэлтэй улс төрч Луиз Инасио Лула да Силва ялалт байгууллаа. Тэрбээр дахин санал хураалтад одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн авсан саналаас 2 хувиар илүү санал авсан байна. Гурван жилийн өмнө авлигын хэргээр шоронгийн хаалга татаж байсан түүний хувьд ийнхүү Латин Америкийн хамгийн том эдийн засагтай орныг удирдах болсон нь улс төрийн карьерынх нь хувьд итгэмээргүй эргэн ирэлт болж байна. 

Дайн ба хүнсний аюулгүй байдал

Бямба гарагт ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлгүүд дроны цохилтод өртсөний дараа Кремлийн зүгээс Украины үр тарианы экспортын тээвэрлэлтийг саадгүй дамжин өнгөрүүлэх тухай НҮБ-тай байгуулсан гэрээгээ цуцлах болохоо мэдэгдлээ.  Улаанбуудай, эрдэнэ шиш, ургамлын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Украины гурван боомтоос гардаг энэхүү зам хаагдсанаар дэлхийн газар тариалангийн зах зээлд цохилт өгч, ядуу буурай орнууд дахь өлсгөлөн улам даамжрах эрсдэл үүсэх юм.  

Топ шалтаг юу вэ?

Цар тахлын үед зайнаас ажиллах нь тренд болсон хэдий ч оффист ажиллах хэвийн горим руу эргэн шилжиж байгаатай зэрэгцэн АНУ-ын хөдөлмөр эрхлэгчид ажлаа таслах шалтаг олохын тулд интернетэд хандах нь эрс нэмэгджээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажлаасаа чөлөө авах ямар үнэмшилтэй шалтгаан байж болохыг асуусан Google-ийн хайлтын тоо огцом өсөж, 2022 онд 2 саяд хүрснийг хөдөлмөр эрхлэлтийн "Frank Recruitment Group"-ийн судалгаа харуулж байна. Тус компани нэг өдрийн ажлыг өнжихөд хамгийн түгээмэл шалтаг болдог 10 гол түлхүүр үгийн хайлт дээр шинжилгээ хийгээд энэ үр дүнд хүрсэн байна. Сонирхуулахад өвчин зовуурь, гэр бүлийн яаралтай хэрэг, эмнэлэгт захиалсан цаг, машинд гарсан асуудал зэрэг нь хамгийн эхэнд гарч ирдэг илэрцүүд байжээ.

Улам дээшээ

Goldman Sachs-ийн эдийн засагчид АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүгийн өсөлтийн төсөөллөө өмнөхөөсөө нэмэгдүүлжээ. Тэдний тооцоолсноор ирэх оны гуравдугаар сард Төв банк бодлогын хүүгээ 4.75-5.0 хувийн хооронд түвшинд аваачихаар байгаа бөгөөд энэ нь өмнөх төсөөллөөс 25 суурь нэгжээр өндөр дүн аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.