Умард Солонгос өнөөдөр /2022.10.28/ Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ.
Тодруулбал, БНАСАУ-ын Кангвон мужийн Тунгчон бүсээс өдрийн 11:59 болон 12:18 цагт хоёр пуужин хөөргөсөн болохыг илрүүлсэн бөгөөд эдгээр нь нийт 230 км-ийн зайг туулж, хоёр Солонгосын хооронд 2018 онд байгуулсан цэргийн хэлэлцээрийн дагуу тогтоосон "тусгаарлах бүс"-ийн хойд хэсэгт унасан гэж Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдээлсэн юм.
Өмнөд Солонгосын арми Пёньяны пуужин болон цөмийн аюул заналхийллийг эсэргүүцэх байлдааны бэлэн байдал, хамтарсан хүчний чадавхаа нэмэгдүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хогук" хээрийн сургуулилтаа үргэлжлүүлж буй энэ үед Умардын зүгээс ийнхүү дахин баллистик пуужин хөөргөжээ. Тэгвэл Сөүл, Вашингтоны талууд ирэх долоо хоногт томоохон хамтарсан агаарын сургуулилт хийхээр бэлтгэж байна.
БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооны хэвлэлийн мэдэгдэлд "Умард Солонгосын энэ удаагийн баллистик пуужингийн туршилт нь Солонгосын хойг төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй томоохон өдөөн хатгалга юм. Манай арми Пёньяны цаашдын өдөөн хатгалгад бэлтгэхийн тулд АНУ-тай нягт хамтран ажиллаж, холбогдох үйл ажиллагааг ажиглан, хянахын зэрэгцээ ямагт бэлэн байдалд байх болно" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: Yonhap, The Korea Herald
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.