Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоох асуудлыг Засгийн газар өнөөдөр ярилцаж шийдвэрлэлээ. Засгийн газрын 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолоор Монгол Улсын төлбөрийн тэнцлийг хангахтай холбоотойгоор валютын нөөцийг бүрдүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны төгсгөл гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн байдаг.
"Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрт 300 сая ам.доллар, уул уурхайн бусад компанид борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлж оруулж ирэх үүрэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" компани дээр Засгийн газрын тогтоол гарлаа.
Тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоохоор болсон. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, компанийг бүрэн төлөөлөх Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилохоор боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.