Хятадын коммунист намын 20-р их хурал өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн. Хурлаас гарсан үр дүн, онцлог болон цар тахлын эсрэг БНХАУ-ын хэрэгжүүлж буй "Тэг Ковид" бодлогын талаар Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяртай ярилцаж байна.
Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн доктор, профессор Д.Уламбаяр:
-Хятад улс нэг намын системтэй учир улс төрийн системийнх нь гол удирдан чиглүүлэх хүч нь Хятадын коммунист нам байдаг. Тийм учраас ХКН-ын 20-р их хурал зүй ёсоор Хятадын түүхэнд чухал байр суурь эзэлнэ.
Улс төрийн системийн өөрчлөлтийг мөн онцолмоор байна. 2017 онд Хятадын коммунист намын 19-р их хурал болж, дүрмээ тодорхойлсон. Энэ Үндсэн хуулинд Дэн Сяопинээс хойш маш том өөрчлөлт гарсан нь ХКН-ын удирдлага таван жилээр ажиллаад, нэг удаа дахин сонгогдоно гэж байсан. Харин 2017 онд хурлаар энэ дүрмийг өөрчилсөн.
Дэлхийн хэвлэлүүдээр Ши Жиньпинийг насан эцэстлээ Хятадыг удирдана гэж ярьж байна. Тэгэхээр Ши Жиньпин БНХАУ-ын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдох нь ирэх оны БХАТИХ-аар тодорхой болно. В.В.Путин ч гэсэн ялгаагүй насан эцэстлээ ОХУ-ыг удирдах нь тодорхой болчихсон байгаа шүү дээ. Энэ хоёр улсад чөлөөт хэвлэл, хүний эрх, эрх чөлөө хумигдаж байна. Жоохон буруу үг хэлэхэд ОХУ-д 10-15 жил шоронд хорих зэрэг асуудлууд байна. Тэгэхээр ийм авторатори дэглэмтэй хоёр улсын дунд оршиж байгаа Монгол улсын хувьд өөрсдийн залуу ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангах үнэт зүйлсээ улам бүр баталгаажуулах нь нэгдүгээрт чухал.
Хоёрдугаарт, Монгол улсын экспорт бүхэлдээ БНХАУ-аас хамаарч байгаа. Монгол улсын экспортын 95 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн бөгөөд урд хөрш рүү экспортолж байна. Тэгэхээр сүүлийн таван жилийн Монгол-Хятадын худалдааг харахад дандаа ашигтай байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүн өндөр хувийг эзэлж байгаа учир 4-4,5 тэрбум долларын ашигтай байна.
Хятад улс улс төрийн хувьд амгалан тайван байх нь дэлхийд, Монголд хэрэгтэй. Хятадын 1 тэрбум 400 сая хүн үймээд эхэлбэл ЗХУ-ын үе шиг өөрчлөн байгуулалт явсаар байгаад, захирч чадахаа болино. Тийм учраас ХКН капиталист нийгмээ хөгжүүлж, Хятад онцлогтой социализмыг хөгжүүлнэ гэж ярьж байна. Хятад онцлогтой социализм гэдэг нь нэг улсын дотор социализм, капитализм зэрэгцэн орших юм.
Тайванийн хувьд “нэг улс, хоёр систем”-ээрээ Хятадтай нэгдэх боломжгүй. Хятад хэлсэндээ хүрэхгүй, бид хүний эрх, ардчиллаа хязгаарлуулах юм байна гэж харж байна.
Ши Жиньпин дарга их хурлын үеэр тавьсан илтгэлдээ “Тэг ковид” бодлого үр дүнтэй байсан учир цаашид баримтална гэж хэлсэн. Энэ нь 2020, 2021 онд ялангуяа “Өвлийн олимп”-ийг үзэгчтэй хийхээр маш хатуу бодлого баримталсан. Гэтэл Хятадад цар тахлын тархалт бууралгүй олон хүн амтай хотуудыг хорионд оруулсан. Энэ нь БНХАУ-ын эдийн засагт саад болсон ч энэ долоо хоногийн тоймоос харж байхад энэ оны эцэст Хятадын эдийн засаг 3,6-3,8 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн байсан. Гэвч энэ нь үнэмшилтэй тоо эсэхэд барууныхан эргэлзэж байна. Тэгэхээр “Тэг ковид” бодлогыг цаашид үргэлжлүүлнэ гэвэл манай улс хилээ 100 хувь нээхгүй гэсэн үг. Гэвч "Тэг ковид" бодлогыг зөвхөн манай улсад зориулж хэрэгжүүлээгүй, БНХАУ-тай хиллэдэг 16 улсад нөлөөлж байгаа. Гэхдээ ямар ч байсан 2021, 2022 он шиг тэгтлээ хатуу байхгүй болов уу гэж найдаж байгаа.
Он дуустал дэлхийн 40 гаруй орны Төрийн тэргүүн нар БНХАУ-д айлчлах хүлээлттэй байгаа. ХКН-ын удирдлагууд 20-р их хурлын үеэр асар завгүй байсан нь ойлгомжтой. Гэтэл хурал дуусаад долоо ч хоноогүй байхад маргаашаас /2022.10.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж гэж байна. Тэгэхээр энэ бол БНХАУ Монгол улсад ач холбогдол өгч, ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж байгаа илрэл гэж харагдаж байна. Айлчлалаас гарах үр дүнг удахгүй харах нь ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.