Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад бодлогод Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор тус бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болох Сингапур Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгааг онцолсон байна.
Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллах талаар ярилцжээ. Түүний дотор хуримтлалын нэгдсэн сан, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, авто замын түгжрэлийг бууруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцсан аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.