Өнөөдрийн “Зууны мэдээ” сонин дээр Ардчилсан намын даргаар тавигдах нь тодорхой болсон гэх С.Баярцогт, “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан болон нэгэн нөлөө бүхий шүүгчийн хамтаар намын нөхдөө дуудан уулзаж байгаа талаар мэдээлжээ. Хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа нөхдийг дуудан ирүүлж, “Хэргийг чинь зохицуулна. Ар нь түүз. Намайг дэмж” мэтээр ярьж байгаа гэх.
“Шунхлай” П.Батсайхан мөнгийг нь гарган дэмжиж байгаа болж таарлаа. Харин ямаан дунд тэмээ гэгчээр эрх баригч МАН-ын үед шүүгч хүн тэнд юу хийж явдаг юм бол? хэмээн гярхай уншигчид бодсон байж таараа. Гэтэл яв явсаар энэ нь МАН-ын найруулсан найруулга яваад байгаа талаар улс төрийн хүрээнд жиг жуг хийж байна.
Бид та бүхэнд улс төрд ямархуу хов жив явж байгаа талаар өгүүлье. Хов живийг бор шувуу ч гэдэг. Зарим бор шувуу бүргэд болон дүүлэх нь ч байдаг, зарим нь газрын “амьтан” чигээрээ үлдэх нь ч бий. Юутай ч ийм сценари явж байгаа талаар ид яригдаж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар саяхнаас “Суруга Монгол”-ын япон захирлын талаар гэнэтхэн яриад эхэллээ. Японоос авчрахаар боллоо л гэнэ, энэ сарын 28-нд нээлттэйгээр мэдээлнэ л гэнэ.
Энэ хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн хүмүүсийн нэрс хэвлэлээр гараад байгаа. ТЕГ-ын дарга, генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга байсан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, ҮАБ-ын ЕНБД асан А.Гансүх нарын нэр дуулдана лээ.
Энэ хэргийг үйлдсэн гэх А.Гансүх нарын тухай худлаа ярьдаг хүнд арван хэдэн жилийн өмнөөс дуулдаж л байсан. Үүнээс улбаалаад, энэ талаар мэдээлэл авсан нийтлэлч Баабар, А.Гансүхийг “Чацга” хэмээн нэрлэж байсан. Энэ хэргийн хавтаст хэргийг Х.Нямбаатар сайд гэнэтхэн “нээх” болсон нь яах аргагүй анхаарал татаад байгаа. Япон өвгөнийг Монголд авчирна гэдэг нь байдал ноцтой болж байгааг харуулж байгаа.
Улс төрийн хүрээнд явж байгаа шуумаар бол А.Гансүхийг шалгана гэдэг Женко Х.Баттулгыг шалгаж байгаатай ялгаагүй. Нэгэн биений нөгөө тал болсон энэ хоёр хүний нэгийг нь шоронд хийнэ гэдэг нь нөгөөг нь хийсэнтэй адил. Иймд япон өвгөний хэргээр Женкод сануулга өгч, “Ардчилсан намаас савраа тат” гэсэн мессеж өгч байна хэмээн жиг жуг хийж байх юм. Энэ төлөвлөгөө үнэн бол Х.Баттулга Ардчилсан намын дарга болох хөг нь өнгөрөв бололтой.
С.Баярцогт Ардчилсан намын дарга болоход ганц саад болох хүн бол тамга атгасан С.Эрдэнэ болоод байгааг хүн бүр мэднэ. Түүнээс намын нөхөд нь тамгыг нь гуйж нэг, гуядаж нэг авах гээд барахгүй байгаа.
Гэтэл та бүхэн 2022 оны есдүгээр сарын 14-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нэгэн хачирхалтай шийдвэрийг анзаарсан уу? Энэхүү шийдвэр ёсоор Ардчилсан намыг төлөөлөх эрхийг УДШ Ц.Туваанд “өгчихсөн”. Дээд шүүхэд давж заалдах эрхгүй, Захиргааны давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна аа гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн ганцаараа Ардчилсан намыг төлөөлөх эрхээ алдчихжээ.
Цаашилбал, гоё гоё юм болох сураг байна. УИХ дахь бүлэг болон төлөөлөх эрхээ авсан Ц.Туваан нар барьцаа ахиулж, С.Эрдэнэ дээр байгаа тамга хүчин төгөлдөр бус хэмээн шүүхээс шийдвэр гаргуулах нь цаг хугацааны асуудал болчихжээ. Чингэж явсаар АН-ын даргын тамга, гэрчилгээ С.Баярцогт дээр ирэх юм байна л даа.
Нам ч үгүй, хамгаалалт ч үгүй болсон С.Эрдэнийн прокурор дээр байгаа хэрэг гэнэтхэн “сэргэж” нэг бол түүнийг явуулна, нөгөө бол түүнийг АН-аас холдуулж “хөнгөлнө” хэмээн цуурч байх юм.
Гагцхүү, эрх баригч МАН-ын үед АН-ынхан яаж үүнийг хийгээд байна вэ? Хамгийн ээдрээтэй асуулт энд л байна. П.Батсайхан мөнгө гаргаж байгаа байгаа гэхэд МАН-ыг худалдаж авна гэж баймгүй шүү дээ.
Энэ оны наймдугаар сарын 8-11-ний хооронд Монгол улсад айлчилсан НҮБ-ын ЕНБД Антонио Гуттереш Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай албан уулзалт хийсэн. Албан мэдээг нь та бүхэн сонссон байх. Албан бус мэдээгээр НҮБ-ын генсек манай дарга нарыг зэмлэжээ. “Ази дахь ардчиллын баянбүрд болсон Монгол улсад дан ганц МАН ноёрхлоо тогтоох нөхцөл бүрджээ. Иймд сөрөг хүчин Ардчилсан намыг сэргээх хэрэгтэй. Бүгдийг нь зангидаж явах хүнийг олж бүхий л талаар дэмж. Харин үүний оронд МАН-ыг олон улсын тавцанд зүйл бүрээр дэмжинэ” гэсэн утгатай зүйл хэлсэн талаар улс төрийн хүрээнд жив жув хийж байна.
Иймд, бараг таван жилийн хорих ял авч, шоронд ялаа эдэлж байсан С.Баярцогтыг Ц.Элбэгдорж санал болгосноор суллуулсан бололтой юм. Ч.Сайханбилэг саяхан АН-ын ҮБХ-ны дэд дарга болсон ба он гараад түүний хэрэг цайрна хэмээн яригдаж байна. Энэ бүхнийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж найруулж байгаа гэх.
Энэ бүхнийг гүйцэлдүүлэхдээ шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн УДШ-ийн хяналтын шатны хоёр шүүгчээр тусгай шийдвэр гаргуулан, АТГ-аас санал өргөн барьж, НПГ-аас хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
С.Баярцогтыг МАН дэмжиж байна гэдэг ярианы цаана ийм схем явсан талаар улс төрийн хүрээнд яригдаж байна. Үнэн худлыг нь цаг хугацаа харуулна даа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Новш новш новш ...... гэж хэлэхэд дэндүү гоёдоно......
Женкогоор Баярцогтын эсрэг тархиа угаалгасан хүмүүст бол хэцүү л сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ бол манай улсын авралын гарц байж болох юм шүү.