СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-10-21

BloombergTV гурван өгүүлбэрээр: Давхар ажил хэрэгтэй юу?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Онцлох чарт

1990-ээд онд эдийн засгаа нээлттэй болгосноос хойш БНХАУ технологийн салбар дахь хөрөнгө оруулалтаа зогсолтгүй нэмж, өдгөө судалгаа хөгжүүлэлтийн нийт зарцуулалтаараа АНУ-ын ард ойрхон бичигдэж байна. Гол нь 2000 оны технологийн компаниудын хөөсрөлт, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед АНУ-ын уг зарцуулалт саарах юм уу агшсан байхад Хятадынх тогтвортой өссөн хэвээр байсан аж.

Гурван өгүүлбэрээр:

  • Монголоос нийлүүлдэг коксжих нүүрсний борлуулалт БНХАУ-д буурах төлөвтэй байгааг SXCoal мэдээллээ.
  • Мөнгөний бодлого, төсвийн бодлого гэсэн хоёр салаа замын уулзвар дээр ирээд байна. Алийг нь сонгох ёстой вэ? (Шинжээчийн байр суурийг уншаарай)
  • Их Британийн Ерөнхий сайд Лиз Трассс албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа.

Экспортын саад

Монголоос нийлүүлдэг коксжих нүүрсний борлуулалт БНХАУ-д бага хэвээр байгаа аж. Учир нь БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлоготой холбоотойгоор Шаньси муж, ӨМӨЗО-д хязгаарлалтууд тавьсан нь гол хэрэглэгчид рүү нүүрс тээвэрлэхэд хүндрэл учруулж байна. БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөж буй энэ үед Монголын коксжих нүүрсний үнэ өсөхгүй байхад энэ нь нөлөөлж байгаа юм. “SXCoal”-ийн мэдээлснээр БНХАУ-д дулааны нүүрсний эрэлт нэмэгдэж, ачаа тээврийн зардал өссөнөөр Гашуунсухайт боомтоор нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээ богино хугацаанд буурах төлөвтэй байна.

Байр суурь

"Аливаа улсын валютын ханш, гадаад валютын нөөц нь гадаад өр, улсын эрсдэл, бүтээмж гэсэн гурван хүчин зүйлээс хамаардаг. Манай гадаад өрийн хувьд хамгийн сүүлийн тоо баримтаар 33 тэрбум ам.доллар буюу ДНБ-ээс гурав дахин илүү үзүүлэлттэй байна.  Улсын эрсдэлийг энгийн байдлаар тооцож үзэхэд ойролцоогоор 17 хувь гэж харж байна. Тэгэхээр Монгол Улсын ЗГ-ын бондыг дахин санхүүжүүлэхэд өнөөдрийн байдлаар бид хамгийн багадаа 17 хувийн купон буюу хүү амлах ёстой гэсэн үг. Бүтээмжийн хувьд бид 183 орноос 107 дугаарт бичигдэж байна. Энэхүү гурван үзүүлэлт нь өөр хоорондоо тулгын гурван чулуу шиг хамааралтай байдаг. Гадаад өр буурснаар улсын эрсдэл багасна, улсын эрсдэл багассанаар гадаадын хөрөнгө оруулалт орж ирж, бүтээмж өснө. Тиймээс аль ч улсын хувьд толгойны өвчин болоод байгаа мөнгөний бодлого, сангийн бодлого гэсэн хоёр салаа замын уулзвар дээр бид ирсэн. Миний зүгээс дүгнэхэд сангийн буюу төсвийн бодлогоо хумьж, мөнгөний бодлогоороо дамжуулж эдийн засгаа тогтворжуулах нь нэн чухал байна" хэмээн "Ти Ди Би Секьюритис" ҮЦК ХХК-ний Дэд захирал Г.Энхбат онцоллоо.

Хөрөнгийн захын хөдөлгөөн

Пүрэв гарагийн арилжаагаар Монголын хөрөнгийн биржийн "Топ-20" индекс 1.34 хувиар буурч, эргээд 33 мянган нэгж болсон байна. Хөрөнгийн зах зээлд нийт 896 мянган ширхэг үнэт цаас 286 сая төгрөгөөр зарагдсанаас үнийн дүнгийн 60 гаруй хувийг нэгдүгээр ангилалд бүртгэлтэй хувьцааны арилжаа бүрдүүлжээ. Тус ангиллын "Монос хүнс" ХК-ийн нэгж хувьцааны ханш 10 хувиар огцом өссөн бол "Түмэн Шувуут" ХК-ийнх 6 хувиар, "Төрийн банк" ХК-ийнх 11.3 хувиар ангилалдаа тус тус хамгийн огцом дүнгээр буурсан байна.

Боомтуудыг өргөтгөж байна

Одоогийн байдлаар 6 боомт дээр хийгдэж буй бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлтийн ажил дунджаар 50-70 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ. Мөн 11 боомтын бүтээн байгуулалтын судалгаа, төлөвлөлт, зураг төсөл боловсруулах ажлыг хийж эхэлсэн аж. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд голлох боомтуудын үндсэн болон нэмэлт байгууламж, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг мөн мэдээлжээ. Мөн олон улсын боомтын үйл ажиллагааг сэргээхэд хатуу, зөөлөн дэд бүтцийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэйг Хил хамгаалах ерөнхий газар онцлов.

"Их удирдагч"

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин дахин нэг шинэ цол хүртсэн байж магадгүй нь урд хөршид Мао Зедуны үетэй дүйцэхүйц тахин шүтэх үзэл бий болох вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлжээ. Коммунист намын их хурал үргэлжилж буй энэ өдрүүдэд Хятадын өндөр албан тушаалтнууд Ши Жиньпинийг "линшю" буюу "удирдагч" хэмээн дуудах болсон байна. Тус улсын түүхэнд зөвхөн Мао Зедуныг 1966 оны Соёлын хувьсгалаас хойш "их удирдагч" хэмээн тодорхойлдог байсан аж. Энэ нь Ши Жиньпиний эрх мэдэл хэт нэмэгдэж, намын доторх байр сууриа улам тэлж буйн дохио гэж шинжээчид үзжээ.

Баяртай, Лиз Трасс!

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа огцорч буйгаа зарлалаа. Тэрбээр томилогдсоноосоо хойш ердөө 6 долоо хоногийн дараа ажлаа өгөх болсноор улсынхаа түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд болжээ. Эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд түүний санаачилсан татварын хөнгөлөлтийн томоохон хөтөлбөр зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, зээлийн өртөг болон моргейжийн зээлийн хүүг огцом өсгөснөөр түүний болон Консерватив намын рейтинг түүхэн доод түвшинд унаад байв. Эрх баригч нам ирэх даваа гарагт түүний залгамжлагчийн нэрийг тодруулж магадгүй бөгөөд Сангийн сайд асан Риши Сунак, Нийтийн танхимын дарга Пенни Мордаунт, тэр ч байтугай өмнөх Ерөнхий сайд Борис Жонсон зэрэг эрхмүүд хүчтэй өрсөлдөгч гэж тооцогдож байна. 

Алт, төмрийн хүдрийн үнэ унав

Лхагва гарагт төмрийн хүдрийн үнэ 1.31 хувиар буурч, тонн нь 93 ам.доллар болсноор 2021 оны 11-р сарын доод цэгтэй зэрэгцжээ. Төмрийн хүдрийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч BHP компанийн гарц III улиралд 2 хувиар өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна. БНХАУ ковидыг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлж байгаа нь уг ашигт малтмалын эрэлтэд урт хугацаандаа сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид тооцоолж байна. Мөн Их британид инфляц эргээд хоёр оронтой тоонд хүрч эрчимжсэнтэй зэрэгцээд алтны үнэ гурван долоо хоногийн доод цэгтээ хүрлээ. 

Tesla-д найдаж болно

“Tesla” компанийн III улирлын борлуулалтын орлого нь 21.5 тэрбум ам.доллар хүрч өссөн ч шинжээчдийн төсөөлөл болох 22.1 тэрбум ам.долларт хүрээгүй байна. Автомашины үйлдвэрлэл ба нийлүүлэлтийн хэмжээний зөрүү нь үүнд голлон нөлөөлсөн ба ялангуяа шинэ автомашиныг хөлөг онгоц болон ачааны автомашинаар тээвэрлэх зардал өмнөх улиралд өссөн нь хүндрэл учруулжээ. Тайлан гарсны дараа Илон Маск “Tesla” автомашины эрэлт буурсан эсэхтэй холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгахын тулд "Биднийг IV улиралд гайхалтай үзүүлэлтүүд хүлээж байгаа” хэмээн мэдэгджээ.

Давхар ажил хэрэгтэй юу?

Есдүгээр сарын байдлаар АНУ-д инфляц өндөр түвшинд хэвээр хадгалагдсан нь бодит цалин буурахад нөлөөлснөөр тус улсын хөдөлмөр эрхлэгчдийн талаас илүү хувь нь хэрэглээний зардлаа нөхөхийн тулд давхар ажил хийх хүсэлтэй байгааг судалгаа харуулжээ. Qualtrics-аас бүтэн цагийн ажил эрхэлдэг 1000 иргэний дунд судалгаа явуулахад тэдний 38 хувь нь давхар хийх боломжтой ажил хайж үзсэн бол 14 хувь нь энэ талаар төлөвлөж байгаа гэсэн үр дүн гарсан байна. Ялангуяа хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдэд инфляц илүү хүндээр тусаж буй. Бодит цалингийн хэмжээ нь хэрэгцээнд хангалттай хүрэлцэхгүй байна хэмээн тэдний 70 орчим хувь нь үзжээ.

Ханиадны сиропын аюул

Энэ онд Индонез улсад 99 хүүхэд бөөрний архаг дутагдлаар нас барсантай холбогдуулан сироп хэлбэрийн эмийн худалдааг тус улсад хориглолоо. Одоогийн байдлаар дээрх өвчний 206 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь зургаагаас доош насны хүүхдүүд байсан бөгөөд Индонезийн Эрүүл мэндийн яамнаас шалгалт хийж, шалтгааныг нь нарийвчлан тогтоох хүртэл хоригийг үргэлжлүүлэх юм байна. Түүнчлэн энэ онд Африкийн Гамби улсад 69 хүүхэд дээрхтэй төстэй өвчний улмаас нас барсан нь БНЭУ-ын “Maiden Pharmaceuticals” компанийн үйлдвэрлэсэн ханиадны сироптой холбоотой гэж дүгнэсэн байна.

"Vtuber"-ийн тэрбумтан

Японд бодит хүмүүс бус виртуал дүрүүд YouTube дээр “од” болж байна. “Nijisanji” хэмээх брэнд нэрийн дор контент бүтээдэг VTuber-үүд буюу виртуал youtuber-үүдийн агентлаг болох “Anycolor” компаниас Японы хамгийн залуу тэрбумтнуудын нэг төрөн гарчээ. Тус компанийн хувьцааны ханш нь зургаадугаар сараас хойш найм дахин өсөж, зах зээлийн үнэлгээ нь 2.5 тэрбум ам.доллар хүрснээр үүсгэн байгуулагч нь болох 26 настай Рику Тазүмигийн эзэмшдэг 45 хувь нь 1.1 тэрбум ам.доллартой дүйцжээ. Тэдгээр VTuber-үүд нь ихэвчлэн шууд дамжуулалтаар видео тоглоом тоглож, үзэгчидтэйгээ харилцдаг гэдгээрээ “Twitch” платформ дээрх стримерүүдтэй төстэй боловч илүү анимэ урлагт суурилсан гэдгээрээ ялгаатай ажээ.

Эх сурвалж: BloombergTV.mn 
 
BloombergTV.mn танд санал болгож байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.