XVI-XVII зууны үеийн хоромсого саадгийн тоноглол хулгайлсан хүний гэм бурууг дэнслэх шүүх хурал ирэх сарын нэгэн хүртэл хойшилжээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Археологийн судалгааны танхимаас С.Очирбат гэх эр 2021 оны есдүгээр сард XVI-XVII зууны үеийн түүхэнд хамаарах түүх соёлын биет өв болох хоромсого, саадгийн мөнгөн тоног болон цөөнгүй мөнгөн эдлэл хулгайлжээ. Үүнээс хойш тэрбээр энэ оны дөрөвдүгээр сарын 5-нд тус байрнаас дахиад бас мөнгөн эдлэл хулгайлсан байна. Улмаар Урт цагаанд байрлах “Чинтолгой” гэх төвд авчран тэдгээр мөнгөн эдлэлийг борлуулжээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “Палеонтологи, археологийн олдворыг худалдахыг хориглоно” хэмээн заасан байдаг ч дээрх эр үл ойшоон мөнгө болгохын тулд ченжүүдэд худалдсан гэнэ.
Цагдаагийнхан энэ хэргийг шалгаад археологийн малтлага судалгаагаар илрүүлсэн Монголын XVI-XVII зууны түүхийг төлөөлөх биет өв гэдгийг шинжээчдээр тогтоолгож, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн байна.
Тиймээс НПГ-аас С.Очирбатад Эрүүгийн хуулийн 17.1-2.2, 17.1-2.3 дахь хэсэгт заасан “Түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж Монгол Улсад ноцтой хохирол учруулсан”, 25.5-1-ийн “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тус шүүх С.Очирбатад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх сарын 1 хүртэл хойшлуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.