УИХ-ын өнөөдрийн чуулган 97.3 хувийн ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын нэр бүхий 27 гишүүний хүсэлтээр Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Чуулганд 73 гишүүн оролцсоноос санал хураахад 40:33 харьцаагаар У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газарт итгэл хүлээлгэж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
Урьдчилан тааварлаж байснаар хоёр талын харьцаа 37:37 болж тэнцэж, хайнаа хагалах чухал саналыг С.Жавхлан өвөртлөөд байсан. Харин өчигдрөөс эхлэн АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн эсрэг байгаагаа гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар илэрхийлсэн нь үйл явдлыг хурцатгасан гэж хэлж болно. Ингээд санал хураахад Засгийг огцруулахыг дэмжих даалгавартай байсан Ж.Батзандан, Л.Болд болон аль талд санал өгөх нь тодорхойгүй байсан С.Жавхлан нар Засгийн газрыг огцруулахыг дэмжсэнгүй. Мөн дуугүй байсан АН-ын гишүүн Д.Мурат гишүүн эсрэг санал өгсөн нь олон хүний гайхлыг төрүүллээ.
АН-ын бүлгийн шийдвэрийг сөрсөн гишүүдтэй АН-ын дарга С.Эрдэнэ хариуцлага тооцохоо илэрхийлсэн билээ.