УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үхрийн махны квотын талаар үг хэллээ.
Тэрбээр:
-2019 оноос хойш Монгол Улсын 21 аймгийн хамгийн их хүн амтай сумдад уулзалт хийж байна. Сая 19 дэх аймаг буюу Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд иргэдийн уулзалт хийсэн. Иргэд олон санал хэллээ. Сумын Засаг дарга н.Лхагвамандал гэх залуу тойргоосоо сонгогдсон гишүүдийг тус суманд ирж ажиллахыг гуйж байна. Иргэдийн гол асууж буй зүйл бол мал авдаг хүн алга. Махны үнэ 40 хувиар уналаа гэж байна. Үүн дээр ямар арга хэмжээ авах юм бэ?
Үхрийн махны квотыг салбар яам зарлахгүй удлаа. Яам хэдхэн компанид л квот өгөх байх. Бид нэг кг махан дээр 1000 төгрөг өгөөд, квотыг нь авна гэж ярьж байна. Ер нь нэг үхрийн маханд дунджаар 150 мянган төгрөгийг квотын авлигад ашигладаг байна.
Бусад малын мах дээр квотгүй болсон шиг үхрийн махны квотыг болих хэрэгтэй байна. Энэ жил зөвхөн үхрээс 875 мянган төл авсан. Үүний 10 хувийг л экспортлоход 12-13 мянга орчим үхрийн мах гаргах боломж байна. 24 сая толгой мал буюу Социализмын үеийн бүх малын тоо энэ жилийн зөвхөн төлийн тоотой л тэнцэж байна. Гурван сая үхэртэй байхад квот тавьж байсан одоо зургаан сая болсон байхад квот шаардлагагүй. Малчдынхаа амьдралыг дэмжих бодлого барихгүй бол болохгүй нь гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.