УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан эхэллээ. Эхний асуудал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл байлаа.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээнэ" гэхээр 1990-ээд оны өмнөх хуучин нийгмийн “матаасны” тогтолцоог эргэж сэргээнэ гэх болгоомж байх шиг байна. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплексууд байна хэмээн ярьсанд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин эгдүүцэв.
Тэрбээр:
-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хоёр зүйл хэлэх хэрэгтэй. Шүгэл үлээгчийн нууц хамгаалах хууль АНУ-д байдаг ч мөнгөн урамшууллыг үнэт цаас болон санхүүгийн гэмт хэрэг дээр төлдөг. Х.Нямбаатар сайд хуучин 1980-аад оноос өмнө амьдарч байсан ах эгч нар гэж хэлж байна. Би хүүхэд байсан. Гэхдээ манай ээж аав, эмээ өвөөгийн хувьд энэ бол инээдэм биш байсан. Тэр нийгэмд матаасны ачаар албан тушаал ахидаг, нам дотроо нэр хүндтэй болдог нийгэм байлаа. Матаасны соёлыг ингэж мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин санхүү, банк, үнэт цаасны арилжаатай холбоотой маш тодорхой гэмт хэрэг дээр байж болох юм. Бусад ерөнхий зохицуулалтгүй, шалгуургүй мөнгөн урамшуулал өгвөл тэр чигээрээ бизнес болно. Сошиал дээр "Би матаад, тэдэн төгрөг авлаа" гээд бичнэ шүү дээ гэв.
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Би хуучин нийгмийн үеийн матаасны тогтолцоог инээд ханиад байдлаар бичээгүй. Олон хүн матаасаар болж хэлмэгдсэн биз дээ. Таныг саруул ухаандаа шүгэл үлээхийг өөрөөр ойлгоосой гэж хүсэж байна гэлээ.
Ташрамд дурдахад, шүгэл үлээгчийг урамшуулж, мөнгөн урамшуулал олгох хэмжээг 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум хүртэл байхаар тогтоосон билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Матаад байхад ажил хийх шаардлагагүй амьдарчих цаг ирэх нь ээ. Энэ ч зөв шүү!! Дэмжиж бн. Би харин ч нэг чадна даа!!