УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан эхэллээ. Эхний асуудал Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл байлаа.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Батлут:
-Хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Гэхдээ иргэд шүгэл үлээснээр мөнгө олж авах боломжтой гэсэн нь урамшуулал авах гэсэн сэтгэлзүйгээр хандах нөхцөл үүсэх вий. Энэ нь хилсээр хүнийг гүтгэх, дургүй хүмүүсээ эргэж матах, мөрдүүлж шалгуулах нөхцөл байдлыг үүсгэх талтай байна. Магадгүй энэ байдлаар явбал 1930-аад оны түүх давтагдах дүр зураг гарна гэж харж байна. Үүнийг хязгаарлах шалгуурыг хэрхэн тогтоосон юм бэ?
Төрийн болон албаны нууцын талаар албан тушаалын шугамаар нууц мэдээлэл олж авсан хүн шүгэл үлээж болохгүй юм байна. Том хулгай төрийн нууцтай зэрэг явагддаг гэж ярьдаг даа. Шүгэл үлээгчийн хуульд мэдээллийг зургаан байгууллагад ирүүлэхээр заасан байна. Прокурор, АТГ, ХЭҮК, ШӨХТГ, ЦЩГ, гааль зэрэг гэжээ. Шүгэл үлээгчийн шүгэл үлээх сувгийг хуульд нэрлэж, заахаар энэ эрх бүхий байгууллагад хандахгүй бол шүгэл үлээсэн гэж үзэхгүй болж байгаа юм. Энэ зургаан байгууллагад хандах учир юу вэ? Нээлттэй болгож болдоггүй юм уу?
Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Шүгэл үлээгчийг хуульчлах хоёр эрх зүйн зорилго бий. Нэгдүгээрт, төрийн байгууллага албан тушаалтан, нийтийн эрх зүйн субъектүүдийн хууль бус үйлдэл, үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хамгийн том зорилго бий. Хоёрдугаарт, шүгэл үлээж буй хүмүүсийн эрх зүйн байдлыг хамгаалж, элдэв дарамт шахалт, мөрдлөгт оруулахгүй байх үүднээс эрхзүйн байдлыг нь тодорхой болгож хамгаалах зорилготой.
Бүлэг дээр ч ярьсан нэг асуудал байгаа нь 1990-ээд оны өмнөх хуучин нийгмийн “матаасны” тогтолцоог эргэж сэргээнэ гэдэг болгоомж байгаа. Ялангуяа 1990-ээд оноос өмнө амьдарч байсан ах эгч нарт маань ийм комплексууд байна. Хуучин нийгмийн үед хүнийг үндэс угсаа, язгуур гарал, шашин шүтлэгээ нууж хаасан зүйлийг матдаг, хэлмэгдүүлдэг тогтолцоо байсан. Бид 1992 оны шинэ Үндсэн хуулиар хүний эрхийн суурь зарчимд нэгдсэн эрх зүйн тогтолцоогоор явж байна. Хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй. Цэвэр олон нийтийн хяналт руу чиглүүлж байна.
Жишээ нь, Эрдэнэт хотын нэг баг дээр уул уурхай ухаж байгаа компани цианит ашиглаж байвал ойр хавийн иргэд мэдээлэх л ёстой. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол түүнийг мэдээлэх эрх нь одоо ч бий. Үүнийг бид Шүгэл үлээгчийн хуулиар оруулсан нь шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулалтай болгох, олон нийтийн хяналттай л болгож өгч байна. Эрхэм гишүүд ээ, нэг зүйл ойлгооч. Авлигатай тэмцэхэд олон нийтийн анхаарлыг чиглүүлэх хэрэгтэй байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Мөнгөн урамшууллыг хуучин цагийн матаастай хольж ойлгож болохгүй. Матаас бол хувь хүн рүү чиглэсэн, улс төрийн зорилгоор, ахуйн хүрээний өс хонзон гол төлөв байсан бол энэ удаагийн мэдээлэгч буюу “шүгэл үлээгч” нь зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө үлээнэ. Бид нийтийн эрх ашгийг зөвхөн авлига, ашиг сонирхол, нийтийн эрүүл мэнд, шударга өрсөлдөөн, хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчил гэсэн тодорхой хүрээнд авч үзэж байна. Мэдээлэл хүлээн авах зургаан байгууллагыг тодорхой болгосон. Байгууллагыг хэт өргөжүүлж болохгүй. Хуулийн 20 дугаар зүйлд өс хонзон авах байдлаар шүгэл үлээхийг хориглосон зохицуулалттай. Хэрвээ энэ чиглэлээр шүгэл үлээвэл тодорхой хуулийн хариуцлагатай байна.
Мөнгөн урамшууллыг заавал өгөх гээд байгаа юм биш. Асуудал шүүхээр эцэслэгдсэний дараа шүгэл үлээгч хүсэлт гаргавал гэмт хэргийн орлогоос санхүүжүүлж урамшуулъя гэж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.