УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2022.10.20/ хуралдаан эхэллээ.
Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Dparliament хуудсаар төсвийг юунд зарцуулах талаар иргэдийн саналыг авчээ. Энэ системд орж чадахгүй буюу төсвийн хэлэлцүүлэгт орж чадахгүй байгаа 500 гаруй иргэн гарын үсэгтэй, хаягтайгаа надад саналаа ирүүлсэн.
Үүнд онцлох нэг зүйл байна. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу Нийслэл, аймаг, сум гээд 10 мянгаас дээш хүн амтай бүс нутгийн эрчим хүчний шөнийн хөнгөлөлт ирэх оны төсөвт тусгагдаагүй нь /Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй/ иргэдээс шүүмжлэл дагуулж байна.
2020 оны судалгааг авч үзэхэд Нийслэлд 125 мянга, орон нутагт 48 мянган айл өрх шөнийн эрчим хүчний тарифт хамрагдаж байсан. Нөгөө талаас өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс нэлээд давуу талтай байсан. Гэтэл 2023 оны төсөвт тусгагдаагүй орж ирсэн. Үүнийг цуцалж болохгүй. Гэр хороололд нийт хүн амын 60-70 хувь нь амьдарч байна. Хэмнэлтийн хууль нэрээр үүнийг танаж болохгүй шүү дээ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж байгаа олон ажил үр дүнгүй болох нь.
Өнгөрөгч долоо хоногт цаг агаар дулаан байсан ч гэсэн утаа аль хэдийн гараад ирчихсэн. Ганц гэр хороолол биш, энэ утаа чинь Зайсанд үнэртээд эхэлчихсэн байна. Гэтэл хүйтний эрч чангарах болж байхад эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болговол юу болох вэ?
Өчигдөр би Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 500 гаруй айл өрхтэй уулзахад “Одоо хэрэглэж буй түлшний чанар, үнэр эрс өөр болсон. Утаа нэмэгдэж байгаа учраас та бүхэн үүнийг анхаарч үзээсэй” гэж байна лээ. Иргэд өөрсдөө санаачилга гаргаж, 10-30 сая төгрөгийн зардал гаргаж, халаалтаа шийдчихсэн байхад иргэдийн нуруунд дарамт учруулсан хэмнэлт байж болохгүй. Төсвийн байнгын хорооныхон энэ олон иргэний санал хүсэлтийг тусгах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.