-Энэ оны 9-р сарын байдлаар шинэ орон сууцны нийлүүлэлт сүүлийн жилүүдийнхээс өндөр байгааг Tэнхлэг Зууч компани мэдээллээ.
-Төсвийн зардлаас импортыг дэмжсэн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг хойшлуулснаар валютын нөөц буурах эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж олон улсын байгууллагууд зөвлөж байна.
-Glass Lewis фирм Rio Tinto-ийн худалдан авах саналыг хүлээн авахыг Turquoise Hill Resources-ийн хөрөнгө оруулагчдад зөвлөлөө.
Энэ оны 9 дүгээр сарын байдлаар шинэ орон сууцны нийлүүлэлт сүүлийн жилүүдийнхээс өндөр байгааг Тэнхлэг Зууч компани мэдээллээ. Тухайлбал, шинэ орон сууцны нийлүүлэлт өнгөрсөн оны 9-р сартай харьцуулахад 21.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 15 хувиар өндөр байна. Нийлүүлэлтийг зэрэглэлээр нь авч үзвэл стандарт ангиллын орон сууцны нийлүүлэлт хамгийн их хувиар нэмэгджээ. Зах зээлд борлуулж буй шинэ орон сууцны 66 хувь нь стандарт зэрэглэлийн, 19 хувь нь дундаж зэрэглэлийн, 13.5 хувь бизнес ангиллын орон сууц байна.
2022 оны эхний 9 сарын хугацаанд импортын үнийн дүн 6.3 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 23.9 хувиар өслөө. ОХУ-аас импортолсон барааны 60 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон улсаас авсан барааны 66.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 4.6 хувийг цахилгаан эрчим хүч, 9.5 хувийг ачааны автомашин эзэлж байна. УИХ-ын чуулганаар 2023 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр өндөр үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүний импортыг хойшлуулах, хязгаарлах хэрэгтэйг хөндсөн. Мөн төсвийн зардлаас импортыг дэмжсэн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг хойшлуулснаар валютын нөөц буурах эрсдэлээс сэргийлэх боломжтой гэж олон улсын байгууллагууд зөвлөж байна
Зүүн ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг тогтвортой сэргэж байгаа ч Монгол улсад сэргэлт харьцангуй удаан явцтай байгааг Дэлхийн Банк мэдээлж байна. 2020 онд огцом буурсан Монгол улсын эдийн засаг 2021 оны эхээр эрчтэй сэргэсэн. Гэхдээ үүнээс хойш эдийн засгийн сэргэлтэд зогсонги байдал ажиглагдаж байгааг тус байгууллага тайландаа онцолжээ. 2021 оны дунд үеэс хойш Хятад улс хилийн хязгаарлалтаа дахин сэргээж, тэрхүү хязгаарлалт он дамнаснаар Монгол улсын экспорт саарсан. Инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй нь Монголын айл өрхүүдийн худалдан авах чадварт хүндээр нөлөөлж байгаа бөгөөд 2022 онд хүнсний үнэ өссөн нь ядуу болон эмзэг давхаргын айл өрхүүдийн хувьд урт хугацааны сөрөг үр нөлөө дагуулж магадгүйг Дэлхийн Банк анхааруулжээ.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Glass Lewis фирм Rio Tinto-ийн худалдан авах саналыг хүлээн авахыг Turquoise Hill Resources-ийн хөрөнгө оруулагчдад зөвлөлөө. Rio Tinto компани Turquoise Hill Resources-ийн үлдсэн 49%-ийг нэгж хувьцааг 43 канад доллароор үнэлэн авах санал тавиад байгаа. Саналыг хүлээн авбал Rio Tinto компани дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох тооцоотой Оюу Толгойн уурхайд эзэмших хувиа нэмэгдүүлэх юм. Нийлбэр дүнгээр Turquoise Hill-ийн 14 хувийг эзэмшдэг Pentwater Capital Management болон SailingStone Capital Partners-ийн зүгээс Rio-ийн саналын дүнг хангалтгүй гэж үзэж байгаа юм.
"Alphabet"-ийн охин компани болох "Waymo" жолоочгүй таксины үйлчилгээгээ нэвтрүүлэх гурав дахь бүсээр Лос-Анжелес хотыг сонгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд "итгэмжлэгдсэн тестлэгч" буюу компанийн орон нутгийн салбарын ажилтнууд тус үйлчилгээний туршилтад хамрагдсаны дараа үйлчлүүлэгчдээ авч эхлэх юм байна. Тус компани одоогоор Финикс хотод олон нийтэд үйлчилж эхэлсэн бол Сан-Франциско хотод туршилтын эцсийн шатандаа ороод байгаа аж. Үүнтэй ижил "робот-такси" үйлчилгээнүүд АНУ-ын хотуудад аажмаар нэвтэрч эхэлж байгаа ч энгийн хэрэглээ болтлоо удахаар байна.
Говь ХК 2022 оны 3 дугаар улиралд 104.8 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Үнийн дүнгийн 52 хувийг дотоодын борлуулалт бүрдүүлсэн. Монгол улс энэ онд хилээ нээсэнтэй холбоотойгоор сүүлийн 2 жил тасраад байсан жуулчдын урсгал сэргэж, ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Улмаар дотоодын нийт борлуулалтын 24%-ийг жуулчдын борлуулалт эзэлж, үнийн дүнгээр нь аваад үзвэл өмнөх оноос 46 дахин өссөн үзүүлэлттэй гарсныг компани онцолж байна.
Эх сурвалж: BloombergTV.mn
BloombergTV.mn танд санал болгож байна
Бээжинд өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдол сүүлийн 4 сарын дээд түвшинд хүрэв
Макс Мюнx: Аялал, жуулчлалын оргил үед ч Монголыг чиглэсэн нислэгийн тоо хангалтгүй байгаа нь тулгамдаж буй асуудал
“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо эргэн сэргэснээр БНСУ-ын кино компаниудын хувьцааны ханш өсөв
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.