Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг татан буулгах шийдвэр гарсныг хэлэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан.
Мэргэжлийн хяналтын байгууллага 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж буй нь ил болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлыг үндэслэл гэж үзсэн. Санхүүгийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага давхар хийж байгаа нь олон нийтэд хүнд суртлыг үзүүлэх шалтгаан болсон гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.
МХЕГ-ыг татан буулгаснаар салбарын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор 800 гаруй албан хаагч яамдад хуваарилагдаж ажиллах юм. Ингэснээр 300 орчим ажлын байрыг хэмнэнэ.
ЗГХЭГ-т Монгол Улсын Ерөнхий сайдын Үндсэн хуулиар хангагдсан бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг байгуулна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.