Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилготойгоор 2018 онд байгуулсан тусгаарлах бүс рүү БНАСАУ хэдэн зуун удаа их буугаар галласан гэж БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос өнөөдөр /2022.10.19/ мэдээлжээ.
Тодруулбал, Умард Солонгосын зүгээс өнгөрөгч мягмар гаргийн 22:00 цагаас эхлэн Шар тэнгис рүү 100 орчим удаа их буугаар буудсан бол 23:00 цагаас хойш Зүүн тэнгис рүү дахин 150 удаа галласан байна. Эдгээр их бууны сум Умард хязгаарын шугамын ойролцоох зүүн болон баруун зүгийн тусгаарлалтын бүсэд унасан аж.
Нэгдсэн штабын дарга нарын хорооны мэдэгдэлд "Зүүн болон баруун хамгаалалтын бүс рүү их буугаар буудсан нь 9 дүгээр сарын 19-ний цэргийн хэлэлцээрийг илт зөрчсөн явдал. Умард Солонгосын үргэлжилсэн өдөөн хатгалга нь Солонгосын хойг төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж буй үйлдэл учир Умард Солонгосыг эдгээр үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг хатуу шаардаж байна" хэмээсэн байна.
Пёньян энэхүү тусгаарлалтын бүс рүү өнгөрөгч баасан гарагт мөн олон зуун удаа их буугаар галласан бөгөөд өнгөрсөн сарын сүүлээс хойш нийт найман удаа баллистик пуужингийн туршилт хийгээд байгаа билээ.
Эх сурвалж: Yonhap
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.