- Сүүлийн хоёр сарын хугацаанд зээл олголт огцом хөдөлгөөнгүй, өсөлтийн хурд тогтвортой түвшинд хадгалагджээ.
- Түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн боловч улсын болон нийслэлийн төсвөөр энэ асуудлыг шийдэхэд хангалтгүй болжээ.
- “Turquoise Hill Resources” алт үйлдвэрлэлийн төлөвөө нэмэгдүүлж, гүний уурхайн зардал буурсныг мэдээлэв.
Сүүлийн хоёр сарын хугацаанд зээл олголт огцом хөдөлгөөнгүй, өсөлтийн хурд тогтвортой түвшинд хадгалагдаж байгааг ҮСХ мэдээллээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсын энэ оны ДНБ-ий өсөлтийн төсөөллөө бууруулсны зэрэгцээ инфляц өндөр түвшинд хадгалагдаж, иргэдийн бодит орлого буурч байгаа энэ үед нийт зээлийн 83.77 хувь нь хэвийн зээл, 5.06 хувь нь хугацаа хэтэрсэн зээл, 11.16 хувь нь чанаргүй зээл байна. Долоодугаар сард хувийн салбарт олгосон чанаргүй зээлийн үлдэгдэл эрс нэмэгдэж байсан бол есдүгээр сард өмнөх сараас 2.1 хувиар өсөж, хоёр их наяд төгрөг болжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн “EPC 01” буюу технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажил 70 гаруй хувьтай явагдаж байгааг Засгийн газар мэдээллээ. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын мэдээлснээр үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн долоон байгууламжийн зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа оржээ. Үйлдвэр ашиглалтад орсноор гадаад худалдааны алдагдал нэг тэрбум орчим ам.доллароор буурч, шатахууны үнэ импортын шатахуунаас 15-20 хувиар хямд байх боломжтой болно гэж тооцоолсон
Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах хөрөнгө оруулалт жилд 40 тэрбум орчим төгрөгөөр хязгаарлагдаж байсныг Засгийн газраас 10 дахин нэмж, жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой 36 багц асуудлын хүрээнд түгжрэл бууруулах үндсэн ажлууд хийж байгаагаас 12 багц асуудлыг 2023 онд хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Гэхдээ түгжрэлийг шийдвэрлэхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхэд төсвийн эх үүсвэр хангалтгүй, гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд босгоход одоогийн эрх зүйн орчин саад учруулж буйг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар онцлов. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Үндсэн хуулийн 57-р зүйлд өөрчлөлт оруулах ёстой гэж тэрбээр үзэж байна.
"Түгжрэлийг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийн явц шилжих ажлуудыг хасвал 77 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр 12 багц ажлын 60 хувь нь ирэх онд үргэлжлэн хэрэгжинэ. Үүнд баримтлах үндсэн гурван зарчим бий. Нэгдүгээрт хууль эрх зүй, захиргааны зохицуулалт, дараагаар нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, соёлжуулах хөтөлбөрийн арга хэмжээнүүдийг авна. Гуравдугаарт нь хөрөнгө оруулалтын чиглэлээр буюу гурван жилийн төсөвт үйл ажиллагаагаа явуулна. Энэ онд бид суурь буюу үндсэн хөгжлийн гараа болох хөрөнгө оруулалтын ажлыг хийж байна. Харин 2024 он бол үр дүн гарах жил. Өөрөөр хэлбэл энэ жил хийсэн ажлууд цаашдаа түгжрэлийг бууруулах үндсэн хөрөнгө оруулалтын үр дүнгийн гараа нь болох юм" хэмээн Нийслэлийн Засаг даргын төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Ургацын урьдчилсан балансаар энэ намар улсын хэмжээнд нийт 360 мянган тонн буюу 234 мянган тонн төмс, 126 мянган тонн хүнсний ногоо хурааж авах төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7337 зоорь, агуулах байгаа бөгөөд нийт багтаамж нь 253 мянган тонн аж. Зоорь, агуулахын багтаамжийг энэ оны төлөвлөсөн ургацын хэмжээтэй харьцуулахад 107 мянган тонн багтаамж бүхий зоорь дутагдалтай байна. Зоорины хүрэлцээ хангалтгүй байгаа нь хавар ногооны үнэ өсөх, хомсдол үүсэх эрсдэл дагуулж байгаа юм.
“Turquoise Hill Resources” компани санхүүгийн жилийн алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 150-170 мянган унц байсныг нэмэгдүүлж, 165-185 мянган унц болголоо. Харин хөрөнгийн зардлын үзүүлэлтийг харвал 2022 онд гүний уурхайд 1.1 тэрбумаас 1.3 тэрбум ам.долларын зардал гаргана гэж тооцоолж байснаа бууруулж 1-1.1 тэрбум ам.доллар болгосон байна. Олборлолтын эрдсийн агууламж харьцангуй өндөр байсны зэрэгцээ барилгын ажлын бүтээмж, нөөц нэмэгдсэн нь дээрх төлөвлөгөөг гаргахад нөлөөлжээ.
“Сүүлийн жилүүдэд Тайванийн асуудлыг чиглэсэн Бээжингийн хандлага өөрчлөгдөөд байсан. Ши Жиньпиний хэлсэн үг бол одоогийн нөхцөл байдлыг үгүйсгэсэн зарчмын шийдвэр. Бээжин Тайванийг нэгтгэх явцыг улам түргэсгэхэд анхаарч буйг харууллаа” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өгүүлэв. Мөн “Ши Жиньпиний удирдлага доорх БНХАУ “дотооддоо дарангуй, гадаадад түрэмгий” бодлого явуулж байна” хэмээн шүүмжилж, “Хэрэв энхийн арга зам бүтэхгүй бол албадлагын арга хэрэглэнэ. Албадлагын арга нь бүтэлгүйтвэл хүч хэрэглэх аргыг сонгож магадгүй” хэмээн нэмж дурдсан байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадын Коммунист намын их хурлыг нээж үг хэлэхдээ “БНХАУ, Тайвань нэгдэх түүхэн мөч ойртсон”-ыг онцлоод, үүний тулд энх тайвны арга замыг эрхэмлэх боловч шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх болохоо илэрхийлсэн юм.
Европын Холбоо эрчим хүчний хямралаас үүдэлтэй үнийн өсөлтийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 40 тэрбум евро төсвөөс зарцуулах санал гаргахаар төлөвлөжээ. Үүний дагуу Европын Комиссоос гишүүн орнуудын Засгийн газарт одоо байгаа хамтарсан сангуудаас санхүүжилт авч, шатахуун болон эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөлөлд буй жижиг дунд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх, мөн эмзэг бүлгийн өрхүүдийн цахилгааны төлбөрийг хөнгөвчлөхөд зарцуулах зөвшөөрөл олгохоор төсөлд тусгажээ. Одоогоор Европын Холбооны гишүүн орнууд эрчим хүчний хямралын хэрэглэгчид болон бизнесүүдэд үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд 500 тэрбум гаруй евро зарцуулаад буй.
ХБНГУ-ын канцлер Олаф Шольц эвслийн Засгийн газрынхаа бүрэлдэхүүн дэх Ногоон нам, Либерал Ардчилсан нам хоорондын зөрчилдөөнийг намжаахын тулд гурван атомын цахилгаан станцын ашиглалтын хугацааг 2023 оны дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл сунгалаа. Роберт Хабекийн удирдсан Ногоон намынхан цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцдэг бол Кристиан Линднерийн Либерал Ардчилсан намынхан эрчим хүчний хямралыг даван туулахад бүх хүчин чадлаа ашиглах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
“Mastercard” компани хэрэглэгчдэд банкны дансаараа дамжуулан виртуал хөрөнгө авах болон зарах боломжийг олгох үйлчилгээ танилцуулснаар банк санхүүгийн байгууллагууд анх удаа харилцагчдадаа крипто арилжааг санал болгох үүд нээгдэж магадгүй болжээ. “Crypto Source” хэмээх энэхүү үйлчилгээг ирэх онд АНУ, Израил, Бразилд анхлан нэвтрүүлэхийг тус компани мэдээлсэн ч эхний ээлжид хамтран ажиллах банкнуудаа нууцалсан байна. Банкнуудын дийлэнх нь зохицуулалтын асуудлаас болж крипто зах зээлд орохоос болгоомжилж байгаа ч дэлхийн олон мянган банктай түншилдэг “Mastercard”-ийн энэхүү үйлчилгээ криптовалютыг хэрэглээнд түгээмэл нэвтрэхэд нөлөөлж болох юм.
Энэ оны эхээр хэрэглэгчдийн тоо нь анх удаа буурсныг зарлаад байсан "Netflix" эргэн өсөлт үзүүлж эхэллээ. Стриминг үйлчилгээний тус компани гуравдугаар улиралд 2.41 сая шинэ хэрэглэгч нэмсэн нь "Wall Street"-ийн хүлээлтээс давсан үзүүлэлт болсон байна. Хэрэглэгчийн өсөлт дэлхийн бүх бүсэд жигд байсны зэрэгцээ энэ улиралд дахин 4.5 саяар нэмэгдэх хүлээлттэй байгааг компани мэдээлжээ. Энэ мэдээлэл гарсны дараа "Netflix"-ийн хувьцааны ханш 12 хүртэлх хувиар өсөж, 268.8 ам.доллар болсон байна.
Япон улс эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсны дараа төрсөн хүүхдийн эцгийн үүргийг хэн хүлээхийг шийдэх тухай 19-р зуунаас хойш мөрдөгдөж буй хуулиндаа өөрчлөлт оруулахаар болжээ. 1898 онд батлагдсан Японы Иргэний хуулийн дагуу хэрэв эмэгтэй хүн гэрлэлтээ цуцлуулснаас хойш 300 хоногийн дотор хүүхэдтэй болсон бол шинээр төрсөн хүүхдийнх нь эцгийг түүний өмнөх нөхөр гэж үздэг заалт хүчинтэй хэвээр байгаа юм. Тухайн эмэгтэй энэ хугацаанд өөр хүнтэй гэрлэсэн байсан ч энэ заалт өөрчлөгддөггүй тул ийм нөхцөл байдалд орсон эмэгтэйчүүд хүүхдээ бүртгүүлэхгүй байхыг илүүд үздэг байна. Үүнээс гадна эцэг тогтоох асуудалтай холбоотой маргаан гаргахгүй байх үүднээс жирэмсэн эмэгтэйг гэрлэлтээ цуцлуулснаас хойш 100 хоногийн дотор дахин гэрлэхийг хориглодог байсан заалтыг мөн хүчингүй болгохоор тусгажээ.
Rolls-Royce компани 2030 он гэхэд зөвхөн цахилгаан автомашин үйлдвэрлэх амлалтаа ажил хэрэг болгоход нэг алхам ойртлоо. Мягмар гарагт тус компани Англи дахь төв оффистоо бүрэн цахилгаан хөдөлгүүртэй "Spectre" автомашиныаа танилцуулсан байна. Хоёр хаалгатай Coupe ангилалд багтах "Spectre" нь 577 морины хүчтэй, 250 км/цагийн дээд хурдтай, 100 км/цагийн хурдыг 4.4 секундын дотор авах хүчин чадалтай. Эрчим хүч ашиглалтын хувьд нэг цэнэглэлтээр 420 км зайг туулах боломжтой, 34 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг аж. Тус автомашиныг 2023 оны дөрөвдүгээр улирлаас нийлүүлж эхлэх бөгөөд үнийн хувьд 350-460 мянган ам.долларын хооронд байх аж.
Эх сурвалж: BloombergTV Mongolia
BloombergTV.mn танд санал болгож байна
БНХАУ III улирлын эдийн засгийн тайлангаа хойшлуулсан нь “сайны дохио биш” гэж шинжээчид үзэж байна
Төмрийн хүдрийн эрэлт багасах эрсдэл нэмэгдэж, "Rio Tinto"-ийн нийлүүлэлт буурав
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.