Сүүлийн өдрүүдэд гарсан зам тээврийн ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр /2022.10.18/ орой мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал:
-Сүүлийн есөн сард 604 хүүхэд осолд өртөж, 57 хүүхэд амь насаа алджээ. Олон шалтгаанаас үүдэж осол гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулга сэрэмжлүүлэг өгдөг ч дээрх хугацаанд 235 хүн нас баржээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 50,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Жолоочийн буруутай үйл ажиллагаа 85-90 хувийг эзэлж байна. Явган зорчигч зам хөндлөн гарахдаа гарцгүй газраас гарах, бага насны хүүхэд харгалзах хүнгүй гарах гэх мэт нь үлдэж буй хувийг эзэлж байна. Хүний амь нас хохирсон хэргийн дийлэнхийг согтуугаар жолоо барьсан тохиолдол эзэлж байна гэлээ.
-2022.10.10-ны өдрийн 18:46 минутад БЗД-ийн 20-р хороо, Олимп хотхоны замд “Ланд круйзер-200” УБХ маркийн автомашин хашлага давж 5 машин, улмаар эсрэг урсгалд орж хоёр машин, нийт долоон автомашин мөргөсөн осол долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амсаж 12 настай хоёр хүүхэд гэмтсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Аливаа осол техникийн болон мэргэшсэн шинжээч нарын дүгнэлтээр тодорхой болдог. Эдгээр дүгнэлт ажлын 7-14 хоногт гардаг.
Тухайн тээврийн хэрэгслийг өнөөдрийн байдлаар үзэхэд 29 настай М жолоодож явсан нь тогтоогдсон. Мөн найз залуу Б тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Гэхдээ осол хэрэгтэй холбох нөхцөл байдлыг шалгаж байна. Тэдгээр хүмүүсийн ард хууль хяналтын байгууллагын ажилтан байгаа гэх асуулал байхгүй. М-ийн овог нь бригадын генерал Р.Чингис юм байна гэх мэдээлэл гарсан ч биш болох нь тогтоогдсон. Тэдгээр хүмүүсийн ар гэрт төрийн болон улсын байгууллагад ажилладаг, эрх бүхий албан тушаал ажилладаггүй юм билээ.
Одоогийн байдлаар нэг охин нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад, нөгөөх нь эмнэлгээс гадуур, биеийн байдал тогтвортой байна. Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан ч бид албан ёсоор аваагүй байна. Хийгдсэн эмчилгээтэй уялдуулан хоёр хүүхдэд дахин шинжилгээ хийх хүсэлт гаргасан. Албан эх сурвалжийн мэдээллээр охины хөл хугараагүй ч том шархтай, эмчлүүлж байгаа аж. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй учир хүнд, хөнгөн зэргийг тодорхойлох боломжгүй гэлээ.
-2022.10.17-ны өдрийн 14:12 цагт Сүхбаатар аймгийн Түмэцогт сум, 1-р багийн нутаг, сумын төвөөс зүүн тийш 17 км-т цэрэг ачиж явсан автомашин онхолдсон осол гарсан. Хэргийн газар үзлэг шалгалт хийж, улмаар ХХЕГ-ын Хилийн цэргийн 0303-р ангид Хэнтий аймгаас цэрэгт татагдсан цэргүүдийг авч явсан 12-59 ХЦА улсын дугаартай автомашин онхолдсон байсан. 17 цэргийн албан хаагч явснаас хоёр нь гэмтсэн ослыг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
-2022.10.17-ны өдрийн 19:40 цагт Завхан аймгийн Дөрвөлжин сум, Тавантолгой багийн Шархадны бууц гэх газар, шороон замд Зэвсэгт хүчний 340-р ангийн 20-40 ЦАБ улсын дугаартай автомашин 39 цэрэг тээвэрлэж явснаас гурван цэргийн эрүүл мэнд хохирсон осол гарсныг шалгаж байна.
-2022.10.19-ны 01:12 цагт БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Иргэн Б-г зам дээр согтуу хэвтэж байхад нь улсын дугаар тодорхойгүй автомашин мөргөж зугтсан. Улмаар хоёр автомашин тухайн иргэн дээгүүр ээлжлэн гарсан осол гарлаа. Хэргийн газрыг орхиж явсан этгээдийг олж тогтоож, хэргийг шалгаж байна.
2022.10.15-ны 17:29 цагт Баян-Өлгий аймгийн Жижүүрийн шуурхай утсанд Буянт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Шарнуурын хяналтын постоос 33 м газарт осол гарсан тухай мэдээлэл ирсэн. Шалгалтаар тус аймгийн Засаг даргын төрсөн ахын эзэмшлийн машин болох нь тогтоогдсон. Аймгийн цагдаа шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.