СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-18

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төв оффис дээр ажиллаж “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын явцтай танилцаж, төр засгаас шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 4 багц ажилд (EPC) хуваан хэрэгжүүлж байгаа бөгөөд EPC 01  буюу “Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, усны нөөцийн резервуар, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн байгууламжийн ажлыг БНЭУ-ын “Жэй Эм Си Прожектс Индиа” ХХК 2021 оноос эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

Дараагийн гэрээний багцууд болох EPC 02 буюу Анхдагч процессийн болон дагалдах байгууламж (Энгийн болон Вакуум нэрлэг, Хий ялгах байгууламж, Агуулах сав, резервуар, Ачих буулгах байгууламж, Ус цэвэршүүлэх, ууршуулах систем, Шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд), EPC 03 (Үйлдвэрийн цахилгаан станц)-ын ерөнхий гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалтад  хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНЭУ-ын компанитай үнэ бууруулах хэлэлцээрийг хэдхэн хоногийн өмнө амжилттай хийж дууссан тул EPC гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулжээ.

Цар тахлын хорио цээрээс үүдэлтэй тээврийн саатал, дэлхийн зах зээл дээрх бараа материал, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт зэрэг нь барилга угсралтын ажлын үнэ болон хугацаанд нөлөөлж байгаа ч төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд төлөвлөлт, инженерчлэл, зураг төсөл, барилга угсралт, гэрээ эрхзүй, худалдан авалттай холбогдолтой ажлууд тасралтгүй үргэлжилж байгааг мөн мэдээлжээ.

Үйлдвэрийн гүн боловсруулалтын, патенттай технологийн 7 байгууламжийн “Технологийн лиценз эзэмшигч”-ээр шалгарсан UOP Honeywell (АНУ), Axens (Франц), Kinetics Technology (Итали), Shell (Нидерланд) компаниудтай гэрээ байгуулж, байгууламжуудын зураг төсөл, инженерчлэлийн багц боловсруулах ажлууд дуусах шатандаа орж байгаа аж.

Уг багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2022 онд багтаан зарлахаар ажиллаж байгааг Д.Алтанцэцэг захирал мэдээлжээ.

Шадар сайд С.Амарсайхан, EPC 02, 03 багц ажлуудын тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах болон төслийн ажилд тулгамдсан бусад асуудлуудыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулах, мөн "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн инженер, мэргэжилтнүүдэд, улс орны ирээдүйн хөгжилд онцгой нөлөө үзүүлэх, стратегийн чухал ач холбогдолтой төслийг хэрэгжүүлж буйд талархан ажлын амжилт хүсч, бүх талаар дэмжихээ илэрхийлэн төслийн нийт ажиллагсдад урам зориг өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.