III улирлын эцсийн дүнгээр мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.9 хувиар өссөн ч 2021 оны дүнтэй харьцуулбал эрс саарсан үзүүлэлттэй байна.
АХБ-ны “Дижитал энтрепренершип” индексээр Монгол Улс “Хамгийн сул” ангилалд багтав.
Зэс, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой түүхий эдийн нөөцийг хангах хүрээнд ХБНГУ Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.
III улирлын эцсийн дүнгээр мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 1.9 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2021 оны эцсийн дүнгээр бодлогын хүү 6 хувь байх үед мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт нь 14.8 хувьтай байсан бол үүнээс хойш тасралтгүй саарсан дүр зурагтай байна. Энэ дундаа төгрөгийн хадгаламж сарын 2.3 хувь, жилийн 17.9 хувийн бууралттай байгаа юм. Өөрөөр хэлбэл төгрөгийн өгөөж буурснаар иргэд бусад хэлбэрээр хөрөнгөө байршуулах хандлага нэмэгдсэнийг банк, санхүүгийн салбарынхан онцолж байна.
Системд нөлөө бүхий банкнуудын үнэлгээний үр дүнгээр 22.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 0.05 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт өөрийн хөрөнгийг одоогийн хөрөнгө оруулагчдаасаа төвлөрүүлэх шаардлагатай болж байгааг Монголбанк мэдээллээ. Цар тахлын нөлөөллийг бууруулах хүрээнд зээлдэгчид, банк, санхүүгийн байгууллагыг дэмжих зохицуулалтын үр дүнд энэ удаагийн үнэлгээгээр нэмж төвлөрүүлэх өөрийн хөрөнгийн шаардлага харьцангуй бага гарахад нөлөөлсөн гэж Төв банкнаас дүгнэжээ.
"Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын дараа ойрын хугацаанд буюу 2023 оны нэгдүгээр улиралд хилийн боомтын үйл ажиллагаа, ялангуяа уламжлалт задгай тээврийн ажиллагаа манай бизнес эрхлэгчид, импортлогчид, экспортлогчдын хувьд нэн чухал ач холбогдолтой байх болно. Энэ чиглэлд ахиц дэвшил гаргах боломж байгаа гэж үзэж байна. Хоёрдугаарт, дунд хугацаанд БНХАУ олон улсын, геополитикийн тааварлашгүй нөхцөлд ямар бодлого баримтлах эсэх, одоогийн хямралуудад Хятад улс төвийг сахисан байр сууриа үргэлжлүүлэх эсэхийг энэ их хурлын дараах мэдэгдлүүдэд дурдах байх. Харин урт хугацаанд гэвэл дэлхийн геополитик болон улс төр, олон улсын харилцааны дэглэмийн өөрчлөлтөд Хятад улсын зүгээс үзүүлэх реакц нэн чухал. Дэлхийн эдийн засагт БНХАУ-ын зүгээс илүү нээлттэй болох чиг хандлага байгаа учраас бидний хувьд ч гэсэн худалдаа, эдийн засгийн том хөрштэйгээ мөн нээлттэй хандах нь ашигтай хувилбар" хэмээн Хятад судлаач Х.Баатархүү "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн юм.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын БНХАУ-тай хийх худалдаа хоёр дахин нэмэгдээд байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт экспортын 84.5 хувийг буюу 7.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн БНХАУ-д нийлүүлжээ. Наймдугаар сарын эцсийн статистик мэдээллээр БНХАУ-д 6.6 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсний 53 хувийг нүүрс, 30.2 хувийг зэсийн баяжмал бүрдүүлж байгаа нь тоо хэмжээний хувьд өмнөх оны мөн үеэс өссөн ч тонн тутмын үнэ олон улсын зах зээл дэх ханшаас хамааран буурсныг харуулж байна.
Зэс, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой түүхий эдийн нөөцийг хангах хүрээнд ХБНГУ Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр зорьж байна. Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцжээ. Энэ хүрээнд зэс боловсруулах үйлдвэр, газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийн судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр болсон юм. Үүнээс өмнө ХБНГУ Казахстан улстай газрын ховор элемент нийлүүлэх дөрвөн тэрбум ам.долларын хэлцэл хийсэн байна.
Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай журамд нэмэлт, өөрчлөлт оруулж Хөрөнгө оруулалтын сангийн активт тавих шаардлагыг илүү хөнгөвчилсөн талаар СЗХ мэдээллээ. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлж, хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болох, мэргэжлийн түвшинд хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх зорилготой. Үүнээс гадна Банк бус санхүүгийн байгууллагуудын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоосон байна. 2023 оноос эхлэн Банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлажээ. Энэ нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээ болж байгаа юм.
Азийн Хөгжлийн банкны "Дижитал энтрепренершип" индексээр Монгол Улс дэлхийн 113 улсаас 86 дугаарт бичигдэж, 100 онооноос 17.2 оноо авснаар хамгийн муу ангилалд багтжээ. Индексийг тооцоолсон ерөнхий гурван аргачлалын нэг болох энтрепренершипийн хөгжлийн үечлэлээр Монгол Улс стартап систем буюу дунд үед хамгийн өндөр үнэлгээ авчээ. Харин үлдсэн хоёр аргачлал болох бизнесээ босгох, бизнесээ тэлэх шатны хувьд харьцангуй сул байсан байна. Энэ индексийн үзүүлэлт нь инновацыг дэмжиж, ажлын байр бий болгодог энтрепренерүүдэд хэр таатай орчин бэ гэдгийг харуулах юм.
БНСУ-ын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор блокчэйнд суурилсан иргэний бүртгэл мэдээллийн дижитал систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү технологийн хүрээнд иргэний үнэмлэхийг ухаалаг гар утсанд суулгах тул иргэд аливаа дижитал үйлчилгээ авахдаа веб хуудсаар болон мессежээр нэмэлт баталгаажуулалт хийх шаардлагагүй болохын зэрэгцээ гар утсандаа хурууны хээгээ уншуулаад л төрийн халамж үйлчилгээ авах, мөнгө шилжүүлэх, тэр ч байтугай сонгуульд санал өгөх боломжтой болох юм байна. “McKinsey & Co.” энэхүү технологийн ачаар аливаа улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 13 хүртэлх хувиар өсөж, бизнесийн зардлыг хэдэн их наяд ам.доллароор хэмнэх боломжтой гэж тооцоолсон байна. Харин БНСУ дижитал үнэмлэхийг нэвтрүүлснээр 10 жилийн хугацаанд багадаа 42 тэрбум ам.доллар буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гурван хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжтой гэж үзжээ.
БНХАУ COVID-19-ийг үл тэвчих бодлогоо үргэлжлүүлэх дохио өгсний дараа уул уурхайн тэргүүлэх компаниудын хувьцааны ханш унасан нь түүхий эдийн зах зээлд хүндрэл нэмэгдэж магадгүй байгааг илтгэж байна. Тодруулбал “BHP”, “Rio Tinto”-ийн хувьцааны ханш гурав орчим хувиар унасан бол “S&P 200” жишиг индекс нэг хувиар унажээ. “BHP” болон “Rio Tinto”-ийн хувьд энэ онд БНХАУ-ын зах зээлээс олох орлого тогтмол байсан юм. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт урт хугацаанд саарах нь түүхий эдийн зах зээлд нөлөөлж магадгүйг дээрх хоёр компани анхааруулж байна.
Сүүлийн есөн долоо хоногийн хугацаанд ам.долларын эсрэг тасралтгүй суларсаар байсан иений ханш шинэ доод түвшиндээ хүрснээр Японы засгийн газраас "иентервенц" хийнэ гэсэн хүлээлт улам нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар иений ам.доллартой харьцах ханш 148.6 болсон нь сүүлийн 32 жилийн доод түвшин болж байна. Японы эрх баригчид иений ханшийн уналтад тодорхой босго тоо тогтоохоос илүүтэй уналтын эрчимд нь илүү анхаарч, дараагийн алхмаа төлөвлөж байгааг стратегичид онцолж байв. Гэхдээ зарим шинжээчдийн үзсэнээр иенийн спот ханш 150 хүрвэл иргэдэд цочрол өгч, улмаар Засгийн газарт шийдэмгий арга хэмжээ авах шахалт нэмэгдэх аж.
Хятадын авто үйлдвэрлэгч BYD-ийн цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт дээд амжилт тогтоож 537,164 нэгж хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 197 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн тус компанийн эхний гурван улирлын цэвэр ашиг 9.5 тэрбум юань хүрч, 289 хувиар өсөх төлөвтэй байна.
Өнөө цагийн амин чухал технологи болох чипийн нийлүүлэлтийн дундаж хугацаа есдүгээр сард дөрвөн өдрөөр богиноссон нь энэ онд байгаагүй үзүүлэлт болжээ. Ерөнхийдөө чипийн бүхий л гол төрлийн нийлүүлэлтийн хүлээх хугацаа багассаны дотор эрчим хүч хуваарилалтын болон аналог чипийнх хамгийн их байв. Гэхдээ зарим эд ангийн нийлүүлэлтийн доголдол мэр сэр байгаа ч чип үйлдвэрлэгчид яг эсрэг асуудалд санаа зовж байна. Учир нь тэдний нөөц илүүдэх магадлалтай болжээ.
Автомашины дижитал хэлбэрийн улсын дугаар эзэмших, худалдахыг хуулиар зөвшөөрснөөр АНУ-ын Калифорни мужийн авто зам илүү “ухаалаг” болжээ. Энэхүү технологийн тусламжтайгаар тухайн автомашин хулгайлагдсан эсэхийг, эсвэл бага насны хүүхэд алга болсныг мэдэгдэх зэрэг яаралтай дохио өгөх боломжтой юм байна. Хамгийн гол нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвөгтэй ажил илүү хялбар болж, гэрчилгээ болон наалтны шаардлагагүй болно гэдгээрээ давуу талтай. Одоогоор энэ төрлийн дугаарыг санал болгож буй цорын ганц компани нь Калифорнид төвтэй Reviver стартап бөгөөд дөрвөн жилийн хугацаатай дижитал дугаарыг тэд 1100 ам.доллароор үнэлжээ.
Эх сурвалж: BloombergTV.mn
BloombergTV.mn танд санал болгож байна
В.Путин Украинд дахин цохилт өгөх шаардлагагүй гэж мэдэгдсэний дараа Киев дроны довтолгоонд өртлөө
БНХАУ-ын Коммунист намын их хурал дээр Ши Жиньпиний хөндсөн гол сэдвүүд
Парист тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ өсөхөд АНУ-ын худалдан авагчид нөлөөлжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.