Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Баяндөхөмийн амны хөнөөлт шавж, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажил эхэллээ.
Нийт 25 га газрыг нөхөн сэргээж 32500 ширхэг шилмүүст мод тарина. Энэ ажлын эхлэл болгож хоёр га талбайг хашаалж 500 ширхэг шилмүүст мод тарилаа. Нийслэлийн Байгаль орчны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Үржин шаддүвлин хийдийн дэргэдэх Зэчин НҮТББ-аас хамтран энэхүү төслийг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд хашаалж мод тарьсан юм.
Өмнө нь Баяндөхөмийн ам нь ногоон байгууламж ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байсан юм. Гэвч хөнөөлт шавж болон түймрийн улмаас ихээхэн доройтолд ороод байсан. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн унаган төрхөөр хадгалж авч үлдээх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байна. Төсөл 2022-2026 онд хэрэгжинэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.