Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын оноогоор хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг шүүгчийн албан тушаалд томилуулах санал Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 10-нд хуралдаж, анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг шалгалтын нийлбэр оноогоор нь эрэмбэлж тогтоол гарган хуульд заасны дагуу ийнхүү өргөн мэдүүлж буй аж. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дөрвөн сул орон тоонд гурав, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд долоо, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн есөн сул орон тоонд 10 хуульч нөөцөөс нэр дэвшсэн гэнэ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласнаас 15 сул орон тоонд давхардсан тоогоор 20 нэр дэвшигч эрэмбэлэгдсэн юм байна.
Бидэнд олдсон мэдээллээр энэ 24 шүүгчийн сул орон тоог нөхөх шалгалтад нэр дэвшиж бүртгүүлсэн 70 гаруй хуульчаас нэг нь ч сонгон шалгаруулалтад тэнцээгүй аж. Тиймээс хоёр жилийн өмнө шалгалт өгч тэнцээд ШЕЗ-өөс нөөцөд бүртгэсэн хүмүүсийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлжээ. Шүүхийн тухай хуулийн 34.8-д “Ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадвар болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт тус бүрд өгсөн оноо, тэдгээрийн нийлбэр онооны дарааллаар эрэмбэлэн өөрийн цахим хуудаст байршуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан бол 34.9-д нь “Энэ хуулийн 34.8-д заасан үнэлгээ хоёр жилийн хугацаанд хүчинтэй байна” хэмээсэн. Үүний дагуу хоёр жилийн өмнө шалгалт өгөөд нөөцөд бүртгүүлсэн хуульчдыг шүүгч болгохоор нэрийг нь Ерөнхийлөгчид хүргүүлээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.