Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллаж, өндөр ашиг өгнө хэмээн Японы иргэн Такахама Кеничигээс 5.7 тэрбум төгрөг залилан авсан гэм буруутай нь тогтоогдож анхан шатны шүүхээр ял шийтгүүлсэн “Ориентал капитал” компанийн захирал О.Болд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцлээ.
Тэрбээр Сингапурт амьдардаг, интернэт маркетинг болон хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг дээрх япон хүнтэй хамтарч бизнес хийх нэрээр уг мөнгийг авсан ч О.Болд нь байр, машин, газар, үл хөдлөх болгож өөртөө авсныг хууль сахиулагчид тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, О.Болд нь гадаад худалдааны чиглэлийн “Ориентал капитал” гэх компанийг Сингапурын Global Force Pte.Ltd ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй атлаа дээрх япон хүндээ “зөвшөөрөл авсан, хөрөнгө оруулалт хэрэгтэй” хэмээн нэмж мөнгө авсан аж.
Түүгээр ч зогсохгүй өөрийн нэрээр үүсгэн байгуулсан “Ориентал инвест” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан, ашигтай ажиллаж байгаа гэсэн тайлан хуурамчаар гаргуулж, хөрөнгө оруулагчдаа илгээн дахиад нэмж мөнгө авснаар нийт 5.7 тэрбум төгрөгөөр хохироосон гэнэ. Зөвхөн Такахама Кеничигээс уг мөнгийг аваад зогсохгүй түүний найз Японы иргэн Нитта Кейсүкигээс 2016-2017 оны хооронд 423 сая төгрөг мэхлэн авсан аж.
Ийнхүү мэхэлж авсан мөнгөөрөө “Мерседес бенз Е200”, “Мерседес Бенз Ж-500”, “Ланд круйзер-200”, “Ниссан Силва”, “Порше 911 Каррера4с” автомашин, дөрвөн дугуйт мотоцикл, чиргүүл, “ДЦС-3” ХК-ийн дэргэд агуулах, гарааш, газар, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол, Хан-Уул дүүргийн “Ривер гарден” хотхон, мөн дүүрэгт “Бүрэн өргөө” ХХК-ийн барьсан орон сууцаас 21 байр нэр дээрээ шилжүүлэн авч мөнгө угаасан нь тогтоогджээ. Уг хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.3-2, 17.4-2-т заасан залилан мэхэлсэн, эд хөрөнгө завшсан, 18.6-2-ын мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 30-нд О.Болдод зургаан жил хорих ял шийтгэсэн юм. Харин түүнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан нягтлан бодогч Х.Отгонцэцэгийг цагаатгасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх О.Болдод оноосон ял шийтгэл тохирсон, Х.Отгонцэцэгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх, цагаатгах тогтоолыг хэвээр нь үлдээжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.