ҮСХ-ны мэдээлснээр инфляцын хурдац үргэлжлэн саарч, есдүгээр сард 13.8% болсон ч энэ онд жилийн дүнгээр 14.7% болно гэсэн тооцооллыг АХБ гаргаад байна. Ши Жиньпин БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ Ковидын эсрэг хатуу зохицуулалт болон орон сууцны секторт баримталж буй бодлогоо өөрчлөхгүй гэдгээ мэдэгдлээ. SailingStone Capital XI/01-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар Rio Tinto-ийн саналыг эсэргүүцэхээ илэрхийлэв.
Инфляц 9 дүгээр сард 13.8 хувь болсныг Үндэсний Статистикийн Хороо мэдээлллээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 17.1 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 17.7 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Төв банкны суурь төсөөллөөр ирэх жилийн эхний гурван улирлын турш инфляц 8 хувиас дээш түвшинд хадгалагдахаар байна.
Turquoise Hill Resources компанийн 5 дахь том хөрөнгө оруулагч SailingStone Capital XI/01-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар Rio Tinto-ийн саналыг эсэргүүцэхээ мэдэгдлээ. Rio Tinto компани нь Turquoise Hill Resources-ийн нэгж хувьцааг 49 канад доллароор үнэлэн үлдсэн 49%-ийг авах санал тавиад байгаа. Харин TRQ компанийн жижиг хувьцаа эзэмшигчид болох "Pentwater Capital Management", "SailingStone Capital" энэ үнэлгээг хэт бага байгааг удаа дараа шүүмжилж байгаа юм.
"Mercedes Benz" компани "Tesla"-ийн "Model Y"-тай өрсөлдөх цахилгаан SUV автомашинаа танилцууллаа. Шинэ "Mercedes EQE" нь нэг цэнэглэлтээр 590 км зайг туулах хүчин чадалтай, цэнэг хураагуур нь 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгдэх боломжтой. Энэ оны сүүлээр худалдаалагдаж эхлэх бөгөөд үнэ нь 70 мянган еврогоос эхлэх аж. Энгийн EQE загвар нь 288 морины хүчтэй бол бүх дугуйн хөтлөгчтэй загвар нь 536 морины хүчтэй, AMG хувилбар нь 677 морины хүчтэй байх аж. "Mercedes Benz" 2030 оноос өмнө бүх автомашинаа цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт тавиад байгаа юм.
"Хамгийн гол зүйл нь татварын ойлгомжтой орчин. Нэлээд олон шатлал, структуртай байхаар манай татварын зөвлөх сайн ажиллаж чадахгүй, ер нь ажилладаггүйгээс ялгаагүй байгаа нь гол асуудал байна. Энэ зах зээл дээр төсөвт төвлөрдөг татвар гэж бараг байхгүй. Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалтыг хэрвээ Хонгконг шиг хөрөнгийн биржээр дамжуулж оруулж ирвэл, эсвэл хэдэн жилээр татваргүй гээд заачихвал эргээд хөрөнгө оруулалтын үр өгөөж нэмэгдэнэ. Тэр хөрөнгө оруулалтыг мэдээж үндэсний компаниуд авна, үндэсний компаниуд маань үйл ажиллагаагаа өргөжүүлснээр ашиг орлого нь нэмэгдэнэ, ингэснээр татварын орлого нэмэгдэнэ. Тэгэхээр цэвэр хөрөнгө оруулалтын компаниуд, сангуудын татварыг зайлшгүй тэглэх шаардлагатай. Тэглэсэн тохиолдолд гаднын хөрөнгө оруулагчид өөрсдийгөө аюулгүй байна гэдгийг мэдэх юм" хэмээн "БиДиСек" ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.
"ОУВС, Дэлхийн Банкны уулзалтын хувьд намайг гонсойлгосон зүйл юу вэ гэхээр зах зээлд оролцоход маш их хүндрэлтэй тулгарч байгаагаа илэрхийлж буй улс орнуудын тоо. Албаныхан буюу төв банкнууд, сангийн яамдынхан хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ногоон шилжилтэд зориулж эдгээр улс орнуудыг чиглэсэн олон их наядын санхүүжилтийн урсгалыг хэрхэн эрчимжүүлэхээ ярьсанд би сэтгэл дундуур байгаа. Гэхдээ юу ч хийхгүй байх шиг байна. Хачир дээрээ өнөөдөр бонд ч гаргаж чадахгүй улс олон байгаа. Хөгжиж буй орнуудын хувьд цогц сорилт бэрхшээлүүд байна. Энэ асуудлыг шууд хөндсөн гэж бодохгүй байна. Гал гарчхаад байхад гал унтраах ангийнхан байрандаа байгаад байгаатай зүйрлэж болох юм" хэмээн АНУ-ын сангийн сайд асан Ларри Саммерс Bloomberg-т өгсөн ярилцлагадаа анхааруулав.
Мөнгөний бодлогыг дэмжиж, өрийн дарамтыг бууруулахын тулд Азийн орнууд төсвийн тогтвортой байдалд анхаарах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа. Авсан зээлийнхээ хэмжээгээр Азийн орнууд тэргүүлж байгааг ОУВС сүүлд гаргасан төсөөлөлдөө дурдсан бөгөөд мөн хэд хэдэн орнууд өрөө төлж чадахгүй байх нөхцөл үүсэх эрсдэлтэй гэж үзжээ. Тиймээс хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөллийг бууруулах зорилготой Засгийн газруудын нэмэлт зарцуулалт нь зорилтот бүлэгт чиглэсэн, түр хугацааны, төсөвт дарамт учруулахгүй байх хэрэгтэйг онцолсон байна.
БНХАУ-ын Коммунист намын 20 дугаар их хурал Ням гарагийн өглөө Бээжин хотноо эхэллээ. Хятадын өнцөг булан бүрээс 2300 гаруй төлөөлөгч Бээжингийн Ардын их хурлын танхимд долоо хоногийн турш хуралдаж, өнгөрсөн таван жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэж, дараагийн таван жилд баримтлах үндсэн зарчмуудаа батлах юм. Энэ удаагийн хурлаар Ши Жиньпин гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, Мао Зедунаас хойших БНХАУ-ын хамгийн хүчирхэг удирдагч гэсэн байр сууриа бэхжүүлэх хүлээлттэй байна.
ХКН-ын 20 дугаар их хурлыг Ши Жиньпин нээж, хоёр цаг гаруйн урттай илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ цар тахлын эсрэг Хятадын хичээл зүтгэл, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахад Коммунист намын гүйцэтгэсэн үүрэг, Хонгконгийн нөхцөл байдлыг хяналтдаа оруулсан явдлыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Тайванийн асуудлыг Хятадын ард түмэн шийдвэрлэх ёстой бөгөөд үүний тулд хүч хэрэглэх эрхээсээ БНХАУ хэзээ ч ухрахгүй, гэхдээ асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг нэн түрүүнд чухалчлахыг мэдэгджээ. Ши Жиньпин илтгэлдээ "аюулгүй байдал" гэсэн үгийг 89 удаа хэрэглэсэн нь 2017 оны АИХ-ын илтгэлээс нь 55-аар өссөн үзүүлэлт аж.
Цахилгаан автомашины зах зээлийн эрэлт огцом нэмэгдэж, цэнэг хураагуур үйлдвэрлэгчид түүхий эдийн нөөцөө бүрдүүлэхээр яаравчилж буйтай зэрэгцэн БНХАУ-д литийн үнэ бүх цаг үеийн хамгийн дээд цэгтээ хүрсэн байна. Цэнэг хураагуурын зориулалттай литийн карбонатын үнэ Хятадад долоо хоногийн хугацаанд 1.7 хувиар өсөж, тонн нь хамгийн ихдээ 74,475 ам.доллар хүрснийг “Benchmark Mineral Intelligence” агентлаг мэдээлжээ. 2022 он гарснаас хойш уг түүхий эдийн үнэ даруй хоёр дахин нэмэгдээд байгаа аж.
Европын Холбоо ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспортод хориг тавихаар болсон нь мөс зүсэгч хөлөг онгоцны үнэ огцом өсөхөд нөлөөлжээ. Энэ ангиллын "Aframax" хөлөг 31 саяас 34 сая ам.долларын хооронд зарагдаж байгаа нь өмнөх оны мөн үеэс бараг хоёр дахин өссөн үзүүлэлт аж. 12 дугаар сараас Европын Холбоо далайгаар тээвэрлэх Оросын газрын тосны импортыг гишүүн орнуудынхаа хүрээнд хязгаарлах юм. "Ice-class" буюу мөс зүсэгч хөлгийн их бие нь харьцангуй зузаан төмрөөр хийгдсэн байдаг тул өвлийн цагт туйлын мөсийг зүсэн зорчих боломжтой байдаг. Өвлийн гурван сард Балтын тэнгисээр дамжих Оросын дийлэнх экспортод энэ ангиллын хөлөг онгоц шаардлагатай болдог аж.
Эх сурвалж: BloombergTV
BloombergTV.mn танд санал болгож байна
АНУ-ын суурь инфляц сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ
Canaccord Genuity, Scotiabank: TRQ-ийн хувьцааны зэрэглэлийг "Авах"-аас "Дарах" болгож бууруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.