2021 оноос хойш Юньнань муж азийн заан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад 200 сая юань буюу 28 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
2021 оны долдугаар сард БНХАУ-ын Үндэсний ой, бэлчээрийн захиргаа болон Юньнань мужийн засгийн газар хамтран азийн заанд зориулсан үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргажээ. Мөн үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь ширэнгэн ойг хамгаалах, хүн, заан хоорондын мөргөлдөөнийг намжаах зорилготой гэж тус мужийн Ойн аж ахуй, бэлчээрийн товчоо мэдэгдэв.
Саяхан Юньнань муж биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай удирдамж гаргажээ. Уг баримт бичигт азийн зааны үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар шийдсэнээ дахин нотолсон бөгөөд тус муж байгалийн нөөц газрыг оновчтой болгох ажлыг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжид цаг тухайд нь нэмэлт, өөрчлөлт оруулах болно гэжээ.
Үүнээс гадна Юньнань муж зааны амьдрах орчинтой давхцаж буй бүс нутагт амьдардаг тариаланчдад нөхөн төлбөр олгодог.
Хамтын эзэмшлийн талбай дахь арилжааны зориулалттай ой мод зааны хөлд үрэгдсэн тохиолдолд тариалагчид нөхөн төлбөр авдаг байна. Энэ нь нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, зааныг илүү сайн хамгаалахад тус дөхөм болно гэж Шишуанбанна дахь Дай үндэстний өөртөө засах жөүгийн ойн аж ахуй, бэлчээрийн товчооны орлогч дарга Дао Жяньхун хэллээ.
Өнгөрсөн жил Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужид тэнүүчилж явсан зэрлэг зааны сүрэг 124 хоногийн дараа анхны амьдрах орчиндоо буцаж иржээ
1400 км замыг туулсан нь азийн зааныг дэлхийн анхаарлын төвд оруулсан юм. Энэ нь Хятад улсын зэрлэг ан амьтдыг хамгаалах ажлын ахиц дэвшил, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд гаргаж буй амжилтыг харуулсан юм.
Юньнань муж нь Хятадын зэрлэг зааны сүргийн цорын ганц амьдрах орчин юм. Дэлхий дахинд зааны нийт тоо толгой буурсан хэдий ч сүүлийн 40 орчим жилийн хугацаанд Хятад дахь зэрлэг зааны тоо 180-аас 300 гаруй болж нэмэгджээ.
Тус мужаас хяналт шалгалтыг сайжруулах, холбогдох судалгааг сайжруулах, зааныг аврах, үржүүлэх ажлыг бэхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргасны үр дүнд азийн зааныг хамгаалах ажлыг шинэ шатанд гаргажээ.
2008 онд Шишуанбанна дахь Дай үндэстний өөртөө засах жөүд байгуулагдсан Азийн заан үржүүлэх, аврах төв 8000 орчим мү (533 га) талбайд зааны хоол тэжээлийн бааз байгуулаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.