Хятадын эрх баригч Коммунист Намын XX их хурал Аравдугаар сарын 16-ны үдээс өмнө 10:00 цагт Бээжингийн Ардын хурлын ордонд нээгдэв.
XX их хурлын 2300 гаруй намын төлөөлөгч болон онц урьсан төлөөлөгч хуралд оролцон, нам бус нөхөд болон холбогдох хариуцлагатан хурлыг сонсов.
Бүтэн долоо хоног хаалттай үргэлжлэх эрх баригч намын Ардын их хурлаар Ши Жиньпинийг дахин намын даргаар сонгоно хэмээн ажиглагчид таамаглаж байна.
Хурлыг нээж илтгэл тавих үеэрээ Ши Жиньпин түүний засаглалын эхний 10 жилийн хугацаан дахь Хятадын өсөлт хөгжил, дэвшлүүдийг багцлан мэдээлэхээс гадна тус улсад тулгараад байгаа сорилтуудыг дурджээ.
Тэрбээр сүүлийн таван жилийг бусадтай жилүүдтэй адилгүй, онцгой байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Харин ирэх таван жилд Хятад улс өндөр чанартай боловсрол, эдийн засгийн хямралаас гарахад туслах шинэлэг гарц шийдэл, шинжлэх ухаан, технологийн аюулгүй, найдвартай, бие даасан байдалд хүрэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр болсныг Ши Жиньпин зарлалаа.
Мөн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах Ардыг чөлөөлөх армийг “дэлхийн жишигт нийцсэн цэрэг”-тэй болгох хөтөлбөрөө хурдасгана гэдгээ амлажээ. Ингэхдээ аюулгүй байдал гэдэг үеийг илтгэлдээ 50 удаа дурдсан байна.
Ирэх бямба гаригт Ши Жиньпинийн ажлын тайланг батлах санал хураалт болж, намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг батлах юм
Намын шинэ дүрэм Ши Жиньпинийн эрх мэдлийг баталгаажуулах шинэ цол хэргэм олгох өөрчлөлтийг оруулна гэж хөндлөнгийн судлаачид үзэж байна.
Сүүлийн өдрүүдэд Ши Жиньпиний цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм баримталж буйг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулсан. Хөрөнгө оруулагчдын зүгээс цар тахлыг тэглэх бодлогоо намын Ардын их хурлын үеэр төгсгөнө гэж найдаж байна.
Эх сурвалж:CCTV
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.