СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-10-14

Bloombergtv гурван өгүүлбэрээр: Ноён доллар - VIP зочин

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Tөсвийг үргэлжлүүлэн тэлж, бодит байдлаас хэт өөдрөгөөр төсөөлж, орлогоо нэмэх замаар зардлаа өсгөж байгаад эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. Монгол улс олборлолтын салбарын нийгэм, орчны нөлөөллийн асуудлуудыг олон нийтэд хүргэх тал дээр өндөр үнэлгээ авлаа. АНУ-ын суурь инфляц 9 дүгээр сард 6.6 хувь болж, сүүлийн 40 жилийн дээд түвшиндээ хүрснээр Холбооны Нөөцийн Банк бодлогын хүүгээ огцом өсгөх шаардлага улам нэмэгдэв. 

МХЕГ татан буугдах уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, салбарын хяналт руу шилжүүлэхээр хэлэлцүүлж байна. Ингэснээр салбарын яамдууд бодлогын хэрэгжилтэд хяналт тавьдаг тогтолцоог бүрдүүлж, гүйцэтгэх засаглалын дотоод хяналт, шалгалтын байгууллага бий болгохоор төлөвлөжээ. Хяналтыг салбарын яаманд шилжүүлэх нь чиг үүргийн давхардлыг арилгаж, бодлоготой уялдах боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд төрийн албаны орон тоонд ямар нэгэн өсөлт гарахгүй бөгөөд зөвхөн чиг үүрэг нь өөрчлөгдөх аж.

Төсөв тэлсээр...

Монгол Улс 2023 онд түүхэндээ анх удаа 19.6 их наяд төгрөгийн орлого олж, 20.5 их наяд төгрөг зарцуулахаар Засгийн газар төсвийн төслөө боловсруулаад байна. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал ирэх онд 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа юм. Ийнхүү төсөв үргэлжлэн тэлж, бодит байдлаас хэт өөдрөг төсөөлж, орлогоо нэмэх замаар зардлаа өсгөж байгаад эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна. "Монгол Улсад төсөв ном ёсоороо хэлэлцэгдэж, боловсруулагддаг практик байхгүй. Мөн төсвийн гүйцэтгэл хэзээ ч баталсан хэмжээндээ хүрч байгаагүй" гэж Эдийн засагч Р.Амаржаргал хэлж байлаа.

Монгол дахин түдгэлзэв

Украины дөрвөн бүс нутгийг ОХУ-д хууль бусаар нэгтгэсэн үйлдлийг буруутгасан тогтоолын төсөл дээрх НҮБ-ын ерөнхий ассамблейн санал хураалтад Монгол улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн 35 улсын нэг боллоо. Тодруулбал НҮБ-ын гишүүн 193 улсын 143 нь Оросын үйлдлийг буруутгасан бол гол түнш нь болох БНХАУ, Энэтхэг, мөн хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүн орнууд тэргүүтэй 35 улс түдгэлзэж, харин ОХУ, Никарагуа, Умард Солонгос, Сири, Беларусь гэсэн таван орон дэмжжээ. 

Байр суурь

"Хөрөнгө оруулагчдын хувьд 2022 оны 12 дугаар сард төлөгдөх Чингис бонд, мөн 2023 оны 5 дугаар сард төлөгдөх бондууд харьцангуй эрсдэл багатайд тооцогдож байгаа учраас тэдэнд цонх үе нээгдэж байгаа гэж харж байна. Хадгаламжид ам.доллароор мөнгөө байршуулбал зургаан сарын хугацаанд 0.6-0.7 хувийн цэвэр өгөөж авна. Харин Гэрэгэ бондод хөрөнгө оруулалт хийвэл зургаан сарын хугацаанд цэврээр 8-9 орчим хувийн өгөөж авах боломж байна. Хөрөнгө оруулагчид энэ цонх үеийг ашиглаад Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах боломжууд байна" хэмээн "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх Г.Маргад онцоллоо.

EITI-ийн зөвлөмж

EITI буюу Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийн үнэлгээгээр Монгол Улс 70 оноо буюу “Дунд” үнэлгээ авсан байна. Үүнтэй холбоотойгоор Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг Төрийн өмчит компаниудын реформыг дэмжих, ил тод байдлыг бэхжүүлэхэд ашиглахыг Монгол Улсын Засгийн газарт уриаллаа. Мөн Төрийн өмчит компаниуд Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй байгааг онцолжээ. Тухайлбал: 2020 оны 12 дугаар сараас эхлэн иргэдийн цахилгаан, эрчим хүчний зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар төлүүлсэн, мөн оноос олон зориулалтаар ашиглах төмөр замын зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулсан зэргийг дурдсан байна. Мөн тэтгэврийн зээл “тэглэх”-тэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” компаниар бонд гаргуулсан байж болохоор байгаа зэрэг нь бүгд дараа нөхөн төлөх төсвийн бус зардалд тооцогдохоор байгаа аж.

TRQ-ийн төлөвлөгөө

“Turquoise Hill Resources” компани "хаалттай компани" болох төлөвлөгөөндөө жижиг өөрчлөлтүүд орууллаа. Төлөвлөгөөнд тус компанийн бэлдсэн санхүүгийн шинэ тооцоолол, төлөвийн мэдээллүүдийг нэмж оруулжээ. Тухайлбал: Bank of Montreal-ийн хөрөнгө оруулалтын нэгж болох “BMO Capital Markets”-ийн саналыг шударга гэж үзсэн талаарх дүгнэлт, хувьцааны үнэлгээ зэргийг нэмж оруулсан байна.  Харин нэгж хувьцааны үнэлгээ, хөрөнгө оруулагчдын хурлын тов зэрэг гол нөхцөлүүдэд өөрчлөлт ороогүй байна.

Ши Жиньпиний зам саадгүй

БНХАУ-ын Коммунист намын цөм нь Ши Жиньпин болохыг урд хөршийн төрийн дээд албан тушаалтнууд удахгүй болох их хурлынхаа өмнө дахин бататгалаа. Олон улсын төвөгтэй нөхцөл байдал, дотоодын сорилтуудыг үл харгалзан БНХАУ сүүлийн таван жилийн хугацаанд “ер бусын онцгой ололт амжилтад хүрсэн" хэмээн Коммунист намын Төв хорооны гишүүд хамтарсан мэдэгдэлдээ дурджээ. Энэхүү мэдэгдэл нь Ши Жиньпинд оногдох эрх мэдлийг бүрэн дүүрэн дэмжсэн хэрэг бөгөөд түүнийг гурав дахь удаагаа БНХАУ-ын удирдагчаар сонгохоор болсны дохио гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр Коммунист намын гишүүн 68 насандаа тэтгэвэрт гарах бичигдээгүй дүрэм, мөн намын их хурлаар зөвхөн хоёр удаа сонгогдох хязгаарлалт Ши Жиньпинд үйлчлэхээргүй болж байна.

Шанхайд байдал хүндрэв

БНХАУ-ын Шанхай хотноо COVID-19-ийн халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдол сүүлийн гурван сарын дээд түвшинд хүрлээ. Лхагва гарагт Шанхайд 47 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь долоодугаар сарын 13-наас хойших дээд үзүүлэлт болжээ. Улмаар Шанхайн зарим сургуулиуд танхимын сургалтаа зогсоож, таван дүүрэгт кино театр, уушийн газар, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг түр хаасан байна.

Ноён доллар VIP зочин болов

Ханш нь огцом чангараад буй доллар бараг хаа сайгүй асуудал тарьж буй ч дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчдын шууд шийдэж чадахгүй сорилт хэвээр байна. Ам.долларын ханш энэ онд бараг 15 хувиар өссөн бөгөөд 1980-аад оноос хойших хамгийн огцом өсөлт үзүүлэх замдаа яваа юм. Холбооны Нөөцийн Банк инфляцыг бууруулахаар бодлогын хүүгээ өсгөж буй нь долларын ханшийн өсөлтөд голлон нөлөөлж байна. Чухам энэ зорилтоо биелүүлэхэд хол байгаа нь дэлхийн бусад улсуудын бодлого тодорхойлогчдын толгой өвтгөсөн асуудал болоод буй. Өөрөөр хэлбэл валюттай холбоотой дарамт улам дордож магадгүй юм. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр энэ 7 хоногт болж буй ОУВС, Дэлхийн банкны уулзалтын үеэр чухалчлан ярьж буй гол сэдэв нь доллар бөгөөд сангийн сайд нар ОУВС, АНУ-ын сангийн Яам, Холбооны Нөөцийн банкныханд энэ асуудлыг шууд хөндөн тавьжээ.

Хөрөнгө агшина

Дэлхий даяар айл өрхүүдийн хөрөнгө 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа мэдэгдэхүйц хэмжээгээр агших төлөвтэй байгааг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Allianz” компани тайландаа дурдсан байна. Сүүлийн гурван жилийн турш айл өрхийн санхүүгийн хөрөнгийн үнэ цэн дээд хэмжээнд хүрч өсөж байсан бол 2022 онд энэхүү үзүүлэлт хоёроос илүү хувиар агших магадлал өндөр байгаа аж. “Мөнгөний хатуу бодлого эдийн засаг, зах зээлүүдэд дарамт болохын зэрэгцээ айл өрхүүдийн хөрөнгөд ихээр нөлөөлнө. Бодитоор авч үзвэл дэлхийн айл өрхүүд нийт хөрөнгийнхөө 10 хувийг алдана” хэмээн нэмж дурджээ.

Дахин нэг металл...

Украин дахь цэргийн ажиллагаагаа эрчимжүүлснийх нь хариуд Жо Байдены засаг захиргаа ОХУ-ын хөнгөн цагааны экспортод бүрэн хориг тавихаар төлөвлөж байна. Барилга, автомашинаас эхлээд iPhone гар утас хүртэл бүх төрлийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй учраас тус металлыг өмнөх багц хоригуудын гадна үлдээсээр иржээ. Цагаан ордон ОХУ-ын хөнгөн цагааны нийлүүлэлтийг бүр мөсөн хориглох, эсвэл худалдан авах татварыг их хэмжээгээр нэмэгдүүлэх, мөн Оросын гол үйлдвэрлэгч Rusal компанид хориг тавих гэсэн гурван сонголтыг харгалзан үзэж байгаа аж.

Тансаг хөлөг

"Ritz-Carlton" тансаг хөлөг онгоцныхоо цувралын анхны загвар болох 298 зорчигч хүлээн авах багтаамжтай "Evrima" хөлгийг танилцууллаа. Төлөвлөсөн хугацаанаасаа бараг гурван жилийн дараа тус хөлөг ийнхүү Барселоноос Ницца руу анхны аяллаа хийх гэж буй. "Evrima"-ийн зорчигчид дөрвөн усан сан, задгай талбайн сувиллаар үйлчлүүлж, Michelin-ийн гурван одтой тогоочийн хийсэн зоогийг амтлахаас гадна яг л амралтанд буй мэт сэтгэгдэл төрүүлэх тансаг люкс өрөөнд тав тухыг мэдрэх аж.

Хакеруудын олз

Хэдийгээр энэ онд криптовалют уналтад ороод байгаа ч хакеруудын хувьд дижитал мөнгөний машин нь хэвээр байна. Зөвхөн аравдугаар сард дор хаяж 718 сая ам.доллартай дүйцэх криптовалют хакеруудын гарт орсноор 2022 онд хулгайлагдсан нийт дүн нь 3 тэрбум ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд үзүүлэлт болоход ойртжээ. Крипто хөрөнгө оруулагчид дундын зуучлагчгүйгээр арилжаа, зээллэг хийх алгоритм бүхий "DeFi" буюу төвлөрсөн бус санхүүгийн протоколыг хакерууд голчлон онилдог аж. 

Эх сурвалжийг BloombergTV.mn 

BloombergTV.mn танд санал болгож байна

“Petro Matad” компани "Heron-1" талбайн газрын тосны хайгуулын ажлаа эцэслэхийг зорьж байна

OPEC+ газрын тосны эрэлтийн төлөвөө бууруулав

ДЭМБ “Omicron”-ийн 300 гаруй дэд хувилбарт хяналт тавьж байна

Жанет Йеллен: Хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулахад БНХАУ хойрго хандаж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.