Энэ удаагийн "Өөр зочин" булангийн зочноор дуучин Д.Отгонжаргалыг урилаа. Тэрбээр хамгийн сүүлд алдарт “Үлэмжийн чанар” дууг эгшиглүүлжээ.
-“Үлэмжийн чанар” дууг сонсож, үнэхээр гайхалтай мэдрэмжийг авлаа. Энэ дууг олон дуучин дуулсан. Мөн монголчуудын хувьд шүншигтэй дуу гэж бэлгэшээх нь бий. Таны хувьд ямар тохиолоор энэ дууг дуулах болов?
-Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мөнхийн бүтээл “Үлэмжийн чанар” дууг мэдэхгүй, сонсоогүй монгол хүн гэж үгүй. Энэ дууг дуулсандаа уран бүтээлчийн хувьд үнэхээр баяртай байна. Энэ дууг бүтсэн цагаас нь олон сайхан дуучин өөрийн авьяас билэгтэй хоршуулан дуулсан. Цаашид ч энэ цуваа тасрахгүй байх.
-Олон дуучин өөрийн хувилбараар дуулсан энэ бүтээлийг та хэрхэн бодож, тунгааж шаглав. Д.Отгонжаргалын дуулсан хувилбар юугаараа онцлог гэж бодож байна?
-Миний хувьд дуурийн дуучин мэргэжилтэй. Өөрийн энэ л хоолойн онцлогоороо дуулахсан гэж олон жил бодож, амандаа аялж явлаа. Энэ мөрөөдлөө биелүүлж “Анир” студийн продюссер, хөгжмийн зохиолч, найруулагч Б.Алтанхуяг ахынхаа найруулгаар “Анир” поп оркестрийн чадварлаг хөгжимчдийн ур ухаан, авьяасын хүчээр амьдруулж эгшиглүүлж чадсандаа баяртай байна. Монголын ард түмний зүрхэнд байдаг энэ бүтээлийг дуурийн тавьмал хоолойгоор дуулсан нь анхны тохиолдол болов уу. “Үлэмжийн чанар”-ыг дуулах болсон гол шалтгаан нь энэ бүтээлийг монгол хүн бүр дуулж сураасай гэж хүссэнийх. Яг л бүгд Төрийн дууллаа мэддэг шиг.
-Таны хувьд Н.Жанцанноров гуайгаас эхлээд Монголын хамгийн мундаг хөгжмийн зохиолчидтой хамтардаг. Ер нь хөгжмийн зохиолчид өөрөө танд санал тавьдаг уу. Шинэ уран бүтээл сонгохдоо ямар зарчим баримталдаг вэ?
-Хөдөлмөрийн баатар болон ардын, төрийн хошой шагналтнуудын уран бүтээлийг дуулах аз, хувь тохиож байгаад уран бүтээлч хүнийхээ хувьд баярладаг. Харин хувь хүнийхээ хувьд бэлгэшээж, сүсэглэж явдаг. Миний хувьд ихэвчлэн энэ шүлэгт яг л энэ аялгуу тохирох юм байна гэсэн судалгаа, анализ хийснийхээ дараа өөрөө санал тавьдаг. Зарим тохиолдолд уран бүтээлчид маань өөрсдөө намайг сонгож, санал тавих нь бий.
-Дуу гэдэг мэдээж яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурвын хамтын төгс бүтээл. Сонсогчид бол дуу бүтсний дараа л сонсдог. Харин дуу бүтэх явцын тухай та мэдээлэл өгөөч?
-Дээх нь үед дууг гурван жигүүртэй буюу хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин гурваар л төсөөлдөг байлаа. Харин би бодохдоо дуун бүтээл туурвихад одоо илүү олон жигүүр байдаг болжээ. Зөвхөн энэ гурван уран бүтээлч байхаас гадна орчин үед тухайн дууг хүмүүст илүү хүргэж, сонсогчдын сэтгэлд мөнхөрсөн бүтээл болгохын тулд орчин үед хөгжмийн найруулга, энэ төрлийн найруулагчид их чухал. Мөн тухайн бүтээлийн ард ажиллаж буй симфони найрал хөгжимчид гээд олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Миний хувьд ч энэ зарчмын дагуу уран бүтээлээ туурвиж байна. Зарим бүтээл цаг хугацааны хувьд их орон зай, цаг хугацааг туулж бүтэх нь бий. Гэтэл эсрэгээрээ бүх тохироо нь бүрдээд хурдан хугацаанд бүтсэн дуунууд ч байдаг. Тэгэхээр бүтээл бүхэн минь өөрийн гэсэн түүхтэй, харилцан адилгүй юм даа.
-Хамгийн ихээр таныг шаналгаж, догдлуулж, бодуулж төрсөн дуу гэвэл та ямар уран бүтээлээ онцлох вэ?
-Миний хувьд ардын болон бэсрэг уртын дуунууд дуулж үзэх хүсэл дэндүү их байсан. Тиймээс ч дуулах бүтээлээ их бодож, судалдаг онцлогтой. Энэ утгаараа хамгийн их мэдрэмж, сэтгэл зүйн бясалгал шаардсан бүтээл минь “Хун галуу” дуу. Энэ дуунд сүнслэг ертөнц оршдог гэдэгт би итгэдэг.
-Дахин энэ бүтээл шиг сэтгэл зүрх, хоолойн чадал шалгасан бүтээл хийх төлөвлөгөө бий юу?
-Одоогоор шинэ дуу хийхээс илүү олон сайхан уран бүтээлээ дүрсжүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Эхнээсээ энэ жил гурван дуу маань клиптэйгээр сонсогчдод хүрлээ. Тун удахгүй “Хун галуу” болон “Эх орон танаа” дууны маань дүрсний ажил дуусна.
-Таныг хувь уран бүтээлээс гадна дуурийн урлагт хүч үзээсэй гэж боддог. Энэ тухай та бодож үзсэн үү?
-Миний хувьд 2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуучин мэргэжлээр Ардын багш О.Ичинхорлоо, төгөлдөр хуурч Т.Энхтуул багш дээрээ төгссөн. Тиймээс сонгодог дуурьт дуулахсан гэсэн нууцхан мөрөөдөл бий. Хэзээ нэгэн цагт энэ мөрөөдөл маань биелнэ гэдэгт итгэдэг.
-Та Монголын дуурийн урлагийн олон шилдэг уран бүтээлчийг төрүүлсэн О.Ичинхорлоо багшийн шавь. Эхнээсээ Г.Ариунбаатар гээд дэлхийд данстай дуучин болчихлоо. Танд ч гэсэн энэ зам нээлттэй гэж бодож байна. Ер нь олон улсад гарах төлөвлөгөө бий юу?
-Миний хувьд цар тахлаас өмнө гадагшаа олон тоглолтод урилгаар дуулдаг байсан. Тэр бүхнийгээ зарлаад, рекламдаад байдаггүй л дээ. Мэдээж гадны тайзан дээр эх орныхоо нэрийг гаргах нь дуучин бүхний хүсэл, сайхан мэдрэмж. Гэхдээ эх орондоо ч хөдөлмөрлөж, уран бүтээлээ хийх нь мөн сайхан. Ялангуяа, уран бүтээлчийнхээ хувьд хөдөө орон нутагт очиж, уран бүтээлээ хүргэхдээ илүү баярлаж, догдолдог.
-Олон сонсогч таныг Монголын хөгжмийн ертөнцөд чансаатай, уртай дуучин гэж үнэлдэг. Энэ хайр хүндэтгэлийг хэрхэн дааж яваа гэж өөрийгөө дүгнэдэг вэ?
-Таны хэлснээр сайн, чансаатай дуучин гэж үнэлээд дууг минь сонсдог энэ хүмүүсийн урмын үгэнд л урамшиж, илүү чанартай бүтээл хийхсэн гэж зорьдог доо. Нийгэм маань тэртээ тэргүй бухимдалтай байна. Тиймээс урлагаар дамжуулж зөв зүйлд уриалж, өөрийн биеэр үлгэрлэхсэн гэж хүсдэг. Хар бараан зүйл их сонсогдох болсон энэ үед хүүхдийг багаас нь урлагаар хүмүүжүүлж, гоо сайхан, гоо зүйн мэдлэгтэй болгож өсгөх нь зүйтэй юм шиг санагддаг.
-Та хүүхдүүдээ ч гэсэн энэ зарчмаар өсгөдөг үү?
-Хүний төлөвшилд суурь хүмүүжил их чухал санагддаг. Тиймээс хүүхдүүдээ зөв хүн болгохын тулд хичээж байна. Эх хүн үрдээ энэрэлтэй байж, хорвоо ертөнцийг үргэлж хайр дүүрнээр хардаг байх учиртай. Мөн ээж боллоо гээд өөрийгөө, хүсэл мөрөөдлөө хаяж болохгүй шүү.
-Таны “Ганцхан миний аав” гээд сайхан уран бүтээл бий. Энэ дууг аавдаа зориулсан уу?
-Аавдаа зориулж ганцхан дуу хийсэн минь энэ бүтээл. Авьяаслаг хөгжмийн зохиолч Бердибекийн хөгжим, яруу найрагч Э.Минжинсайханы шүлгээр бүтсэн. Үнэхээр дуулах бүхэндээ сэтгэл минь догдолдог. Учир нь би их жаахандаа аавыгаа алдсан. Хэдийгээр их зүйл санадаггүй ч намайг тэврээд унтдаг байсныг нь мартдаггүй.
Аав минь ном их уншдаг байсан юм билээ. Гэрт орос хэл дээр болон монгол бичгээр бичсэн ном их байдаг байлаа. Хүүхдүүддээ ном унш, түүнээс өөрсдийнхөө ертөнцийг ол гэж захьдаг байсан. Тухайн үедээ тоодоггүй байсан ч эргээд бодоход энэ нь бидэнд энгийн, гайхамшигтай боловсрол болж үлдэж дээ гэж бодогддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. БААСАН ГАРАГ. № 200 (6932)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.