ОХУ-ыг Крымийн хойгтой холбосон гол гүүрэн дээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон дэлбэрэлттэй холбогдуулан найман хүнийг саатуулсан гэж орон нутгийн албаныхан мэдэгджээ.
Тодруулбал, эдгээр хүний тав нь орос, бусад нь Украин, Арменийн иргэн гэж тус улсын Холбооны аюулгүй байдлын албанаас мэдээлсэн байна. Сэжигтнүүд тэсрэх бөмбөгийг Украины Одесса боомтоос эхлээд Болгар, Гүрж рүү далайгаар тээвэрлэн хүргэсэн ба дараа нь ачааны машинаар Армениар дамжин Орост оруулж ирсэн гэжээ.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны мэдэгдэлд "Дэлбэрэлтийг Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар, тус газрын дарга Кирило Буданов болон түүний ажилтнууд зохион байгуулсан" хэмээсэн ч Киевийн эрх баригчид үүнийг үгүйсгэж, Оросын мөрдөн байцаалтыг "утгагүй зүйл" гэж буруушаасан юм.
Ерөнхийлөгч Владимир Путин Крымийг хойгийг улсдаа нэгтгэснээс хойш дөрвөн жилийн дараа буюу 2018 онд албан ёсоор нээж байсан тус гүүрэн дээр гарсан дэлбэрэлт нь Кремлийн хувьд хүнд цохилт болсон. Энэхүү явдлыг Оросын иргэний дэд бүтцийн нэн чухал хэсгийг устгах зорилготой "террорист үйлдэл" гэж тодорхойлсон Кремлийн зүгээс хүчтэй хариу цохилт өгч, Украин даяарх хотуудыг бөмбөгдсөний улмаас 19 хүн амь үрэгдээд байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.