УБТЗ ХНН-ээс ачааны терминалын түрээсээ 14000 хувиар нэмэгдүүлснийг эсэргүүцсэн “Сауд Гэйт” ХХК-ийн захирал Б.Батболд хэвлэлд хандлаа.
“Сауд Гэйт” ХХК-ийн захирал Б.Батболд:
- Манай “Сауд Гэйт” ХХК Замын-Үүдийн анхны нурмаг ачааны терминалыг байгуулсан. Бид галт тэргээр ирсэн нүүрсийг автомашин руу шилжүүлэн ачдаг. Анх 2018 онд тухайн үеийн УБТЗ ХНН-ийн удирдлагууд өөрсдөө эхэлж санал тавьсан. Энэ саналын дагуу хоосон байсан газар хашаа барьж, эрчим хүч цахилгаан татаж, бетонон талбай цутгаж нийтдээ 2.3 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт хийсэн. Түрээсийн гэрээ 10 жилээр хийж, гурван жилдээ сунгаад явна гэдэг нөхцөлтэй гэрээг үзэглэсэн. Энэ терминал ашиглалтад орсноор Замын-Үүд боомтоор төмөр замын экспортын ачаа эргэлтийг хурдасгахад онцгой үүрэг гүйцэтгэсэн.
2019 онд Эрээнд цар тахлын дэгдэлт гарснаар автын терминал бүрэн хаалттай байсан гэж хэлж болно. Бид энэ цар тахлын жилүүдэд 1.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэнэт А-913 хэмээх тушаал гаргаж түрээсийн гэрээгээ гэнэт 14000 мянган хувиар нэмсэн гэх мэдэгдлийг бидэнд өгсөн. Ингэхдээ гэрээний нөгөө тал болох бидний саналыг сонсох нь байтугай хүчээр тулгалт хийж биднийг тун хүнд байдалд оруулаад байна. Нэг ёсондоо шууд дампуур, эсхүл гэрээгээ цуцалж оруулсан хөрөнгө оруулалтаа “дээрэмдүүлээд гар” гэснээс өөрцгүй юм болж байна.
Өнөөдрийн хэвлэлийн хурлаар манай байгууллагын хувьд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээч гэж дахин хүсмээр байна. Бидэнд гурван жилийн хугацаа өгвөл бид алдагдлаа нөхөөд авна гэж төсөөлж байна. Манай байгууллага хамгийн том талбайг түрээсэлдэг, манай компанийн хувьд ачаа тээврээ машинаар гаргаж Эрээн боомтоор бас автомашинаар гаргадаг гэдгийг маань харгалзан үзэх хүсэлтээ удаа дараалан УБТЗ ХНН-д өгч байна. Өнгөрсөн лхагва гарагт манай талбайд гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ажилчдыг маань гаргаж, техник тоног төхөөрөмжийг маань гаргахыг шаардсан үйлдэл хийсэн. Энэ чинь дээрмийн шинжтэй үйлдэл. Үнэхээр гэрээнийхээ хүрээнд ажил хийлгэхгүй гэж байгаа бол шүүх хуулийн байгууллагаараа явах ёстой байх.
УБТЗ-ын удирдлагууд бидний энэ саналыг хүлээн авахгүй байгаа. Иймд манай компанийн энэ асуудлыг Засгийн газрын түвшинд анхаарч үзэхийг хүсмээр байна. Алдагдсан боломжийг минь олгоод өгөөч гэж гуймаар байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.