Хэрэглэгчийн итгэлийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 16.1 пунктээр буурлаа. Монголын 21 аймгаас ердөө зургаа нь улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь төсвөөс татаас авч байна. Монголд төсвийн тэлэх бодлого үргэлжлэхийн хэрээр хуримтлагдсан өрийн хэмжээ нэмэгдсээр...
2022 оны III улиралд хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх улирлаас 20 пунктээр, өнгөрсөн оны мөн үеэс 16.1 пунктээр буурсныг “NRCC” мэдээллээ. Орлого буурсан, бизнесүүдийн үйл ажиллагааны идэвх суларсан зэрэг нь үүнд голлон нөлөөлжээ. Мөн хэрэглэгчид ирэх нэг жилийн хугацаанд инфляц дунджаар 14 хувь болно гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн пунктээр өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад аймаг нийгмийн даатгалын сан, эрчим хүчний салбарт улсын төсвөөс татаас авч байна. УИХ-аар хэлэлцэгдэж буй 2023 оны улсын төсвийн төслөөс харахад татаас хэлбэрээр 984.7 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн нь дотоодын нийт бүтээгдэхүүний 1.8 хувьтай тэнцжээ. Тэтгэврийн сангийн шинэчлэлийг яаралтай хийж, хөдөлмөрийн насны 2.2 сая хүнийг нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тогтолцоонд очихгүй бол бүх юм татаас, халамжаар явагдаж байна хэмээн Эрчим хүчний сайд онцолсон.
“Rio Tinto”-ийн саналыг жижиг хувьцаа эзэмшигчид хүлээж авахгүй бол санхүүжилтийн болон өрийн бусад хүндрэлтэй тулгарна гэж “Turquoise Hill Resources” үзжээ. Тухайлбал ирэх 12 сарын хугацаанд багадаа 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай нь жижиг хувьцаа эзэмшигчдэд хүндрэлтэй байж болохыг онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын макро эдийн засаг, зах зээлийн эмзэг байдал, мөн түүхий эдийн ханш унаснаар хувьцааны ханш унах эрсдэлүүд байгааг анхааруулжээ.
"Монгол Улсын хувьд Засгийн газрын өр сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэн. Төсвийн тэлэх бодлого үргэлжлэхийн хэрээр хуримтлагдсан өрийн хэмжээ нэмэгдэнэ. Монголын инфляц голчлон гадаад хүчин зүйлсийн нөлөөлөлтэй байдаг. Үүний хажуугаар эрэлт талаасаа инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь мөн л төсвийн тэлэх бодлоготой холбоотой. Төв банк мөнгөний бодлогоо чангатгах нь эрэлтийн шинжтэй инфляцын дарамтыг бууруулахад нөлөөлдөг. Мөнгөний бодлого чангарахын хэрээр хөрөнгийн орох урсгалыг дэмжинэ. Мөн мөнгөний хатуу бодлого төсвийн бодлоготой уялдаж байх ёстойг хэлэх хэрэгтэй. Гэтэл Монголд нэг талд Төв банкны мөнгөний бодлого чангарч байхад нөгөө талд нь төсвийн тэлэх бодлого үргэлжилж байгаа нь инфляцын дарамтыг улам нэмж байна" хэмээн Дэлхийн банкны Ахлах эдийн засагч Хосе Луис Диаз Санчес "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцоллоо.
2022 оны III улиралд МХБ-ийн ТОП-20 индексийн сагсад багтдаг үйлдвэрлэгч 8 компанийн хувьцааны ханшид буурах хөдөлгөөн давамгай байлаа. Тухайлбал "Түмэн шувуут" хувьцаат компанийн нэгж хувьцааны ханш тайлант улиралд хамгийн өндөр дүнгээр буюу 13 гаруй хувиар буурсан бол "Махимпэкс" хувьцаат компанийнх 10%-иар, "Сүү" 6.2%-иар, "Монос хүнс" 5.1%-иар тус тус буурсан байна.
3-р улирал наадмын амралт, хөрөнгө оруулагчид хөдөө гадаа их явдаг тул түүхэн үзүүлэлтээрээ хамгийн бага арилжааны хэмжээтэй сарууд байдаг ба эргээд 4-р улирал эхлэх намрын үеэр идэвхжил нэмэгддэг. 9 дүгээр сараас эдийн засгийн идэвхжил нэмэгддэг тул иргэд, ААН-үүдийн хувьд амжиргааны зардал өсдөг учраас хөрөнгө оруулагчид хувьцаагаа зарах хандлага 8 дугаар сард үүснэ. Түмэн Шувуут ХК-ийн хувьд арилжааны хэмжээ 1-р улирлаас 50%, 2-р улирлаас 30% буурсан бол АПУ ХК-ийн хувьд энгийн арилжааны хэмжээ мөн л 50-80% буурсан байна. Мөн инфляцын өндөр түвшинтэй байгаа тул хүмүүсийн бодит орлого буурснаар хөрөнгө оруулалтын позицоо бууруулах хэрэгцээ үүссэн гэж харж байна. Мөн өнгөрсөн саруудал хил хаалттай байснаас үүдэн импортын бараан дээр нийлүүлэлтийн сүлжээний доголдол үүссэн нь нийлүүлэлтийн гаралтай инфляцыг бий болгосон, нөгөө талдаа дотоодын үйлдвэрлэгчид энэ боломжийг алдалгүй сайн ашигласнаар борлуулалтын орлого, ашигт ажиллагаа нэмэгдсэн бол хил нээгдэж, нийлүүлэлтийн сүлжээний асуудал бага багаар намжиж байгаатай холбоотойгоор импортын хэрэглээ нэмэгдэж байгаа нь дотоодын хүнсний компаниудын ашиг, орлого буурахад нөлөөлж байна. Инфляцын өндөр түвшин хэвээр хадгалагдаж байгаа ч Монгол банкны зүгээс шат дараатай арга хэмжээ авснаар ирэх саруудад инфляц буурах хандлагатай байгаа ба дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал болон мөнгөний хатуу бодлогын улмаас хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол буураад байсан бол 2022 оны 4-р улирлаас эхлэн эргэн сэргэх төлөв ажиглагдаж байна.
Тэрбумтан Илон Маскийн хиймэл дагуулын интернетийн үйлчилгээ "Starlink" Монголд нэвтрэх товоо тодорхойгүй болгож өөрчилжээ. Тус компани энэ оны эхний хагаст 2023 онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлнэ гэж төлөвлөж байсан юм. Хэдийгээр "Старлинк Сервисес Монголиа" ХХК энэ оны хуулийн этгээдийн бүртгэлд орсон ч ХХЗХ-оос авсан мэдээллээр тус компани одоогоор тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илгээгээгүй байгаа аж. "Ondo" компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар "Bloomberg TV Mongolia"-д өгсөн ярилцлагадаа "Starlink"-ийн бодлого Монгол улсын зохицуулалттай зөрчилдөж байгаа гэж мэдэгдэж байв.
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компанийн өрөмдлөг хийсэн “Номгон IX” талбайгаас 51 метрийн зузаантай нүүрсний давхарга илэрсэн байна. Энэ онд говьд эрт хүйтэрч, үйл ажиллагаанд нь саатал учруулж буй ч тус компани 11 дүгээр сар гэхэд нүүрсний давхаргаас шингэнийг соруулж, дараагийн шатны үйл ажиллагааг эхлүүлэхээр зорьж байна.
Дэлхийн эдийн засгийн төлөв тааруу байгаа төдийгүй хамгийн муу үр дагавар хараахан гараагүй байгааг ОУВС анхаарууллаа. Тус байгууллагын ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нэгдүгээр сард 3.8 хувь, долоодугаар сард 2.9 хувь байсан бол энэ удаа 2.7 хувь болгон дахин бууруулжээ. Үүгээр зогсохгүй энэ нь хоёр хувиас доошлох магадлал 25 хувь гэж үзэж байгаа аж.
“Их 7”-ийн удирдагчид Украин улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлыг хадгалахын төлөө тууштай зогсож, Киевийн Засгийн газарт туслалцаа үзүүлсэн хэвээр байхаа амлалаа. Мөн гэмгүй энгийн иргэд рүү чиглэсэн халдлага нь дайны гэмт хэрэгт тооцогдох тул ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хариуцлага хүлээлгэх болохоо тэд мэдэгдсэн байна.
Америкийг л дагая
БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, гурван хувьд хүргэлээ. Мөнгөний бодлогоо ийнхүү сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээнд чангаруулсан нь инфляцыг бууруулах, воны ханшийг дэмжих зорилготой аж. “Bloomberg”-ийн судалгаа авсан 19 эдийн засагчийн 16 нь БНСУ-ын Төв банк Холбооны Нөөцийн банкны алхмыг дагаж, бодлогын хүүгээ нэмнэ гэж үзэж байсан нь ийнхүү ёсоор болжээ.
АНУ-ын Нью-Мексикo мужаас малтлагын үеэр олдсон 1880-аад оны үеийн "Levi’s" жийнсэн өмд дуудлага худалдаагаар 76,000 ам.долларын үнэ хүрч зарагджээ. Сан Диего хотын оршин суугч, хуучны хувцасны наймаачин, 23 настай Кайл Хоперт тэрхүү өмдний шинэ эзэн нь болсон байна. Энэ нь "Levi’s" брэндийн борлуулсан хамгийн үнэтэй бүтээгдэхүүнүүдийн нэг болж байгаа аж. Гэхдээ тус өмд 140 гаруй жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ хадгалагдсанаас үзвэл Кайлын хувьд маш ашигтай наймаа болсон гэж болохоор байна.
Их Британид таван жилийн тогтсон хүүтэй моргейжийн зээлийн дундаж хүү 6.19 хувьд хүрсэн нь 2009 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ердөө долоо хоногийн өмнө моргейжийн зээлийн хүү 5.48 хувь байснаас үзвэл тус улсын Сангийн сайд Кваси Квартенг эрх баригч Консерватив намынхаа улс төрчдийн итгэлийг авч үлдэхэд улам хэцүү болж байгаа аж. Инфляц эрчимжсэнтэй холбогдуулан Их Британийн банкнууд моргейжийн зээлийн бүтээгдэхүүнийхээ 40 гаруй хувийг зах зээлээс татаад байгаа юм.
АНУ-ын Сангийн сайд Жанет Иеллен хөгжиж буй орнуудын өрийн дарамтыг бууруулах дэлхий нийтийн зүтгэлд БНХАУ хойрго хандаж байна хэмээн хурцаар шүүмжилж, энэ ажлыг урагшлуулахад гол саад нь Бээжин гэж үзжээ. "Хятад үүнд ердөөсөө оролцохгүй байгаа. Бид Хятадыг оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна" хэмээн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өгүүлжээ. "Их 20"-ийн орнууд бага орлоготой орнуудын гадаад өрөнд ээлж дараатайгаар бүтцийн өөрчлөлт оруулах "Common Framework" хэмээх санаачилгыг эхлүүлээд буй. Иеллений үзсэнээр энэ ажлын үйл явц өнөөг хүртэл бүтэл муутай байгаа аж.
"Tesla", "United Airlines" зэрэг компаниудад суудлын бүрээсний материал нийлүүлдэг "Ultrafabrics" компани ирэх санхүүгийн жилд үйл ажиллагааны орлого нь $18.7 саяд хүрнэ гэж тооцоолж байна. Токиод төвтэй тус компани үхрийн шир, хонины нэхийг боловсруулах уламжлалт аргаар бус синтетик материалаар савхи үйлдвэрлэдэг. Байгаль орчинд ээлтэй, амьтны амь таслалгүйгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өдгөө хэрэглэгчид сонирхох болсон тул удахгүй энэ төрлийн савхи бүх үйлдвэрлэлд ашиглагдана гэдэгт итгэлтэй байгаагаа тус компанийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: BloombergTV.mn
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг BloombergTV.mn-ээс аваарай.
Танд санал болгох:
Орон сууцны үнийн индекс сүүлийн 2 сард тогтвортой байна
Дотоодын агаарын тээвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгоно
Хосе Санчес: Монгол Улсын төсвийн тэлэх бодлого үргэлжлэхийн хэрээр хуримтлагдсан өрийн хэмжээ нэмэгдэнэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.