СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талууд нь эрх борлуулсны орлогын албан татвар төлөгч, эсхүл суутган төлөгч болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний талууд нь эрх борлуулсны орлогын албан татвар төлөгч, эсхүл суутган төлөгч болдогыг шүүхийн шийдвэр харууллаа.

Доорх хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С, Ч нар нь 2013 онд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б-д худалдаж, гэрээний төлбөр болох 1.8 тэрбум төгрөгийг Б нь өөрийн эзэмшдэг компаниар дамжуулан иргэн С, Ч нарт төлжээ.

Татварын улсын байцаагч нар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй, С,Ч нарт Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого олгохдоо холбогдох татвар суутгаагүй” гэх үндэслэлээр 540 сая төгрөгийн нөхөн татвар, 162 сая төгрөгийн торгууль, 270 сая төгрөгийн алдангийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлүүлэхээр акт тогтоосон байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниас уг актыг эс зөвшөөрч, “... тус компани нь ямар нэг хувьцаа худалдсан, эрх борлуулсан зүйл байхгүй, ... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрөө худалдагдсан компани байхад ... татвар суутгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь татвар суутгах үүрэгтэй этгээд мөн” гэж үзэж, анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхээс актаар тогтоосон төлбөрийг багасгасан өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хянаад татвар суутган төлөхтэй холбоотой харилцаанд оролцогч талууд болон татвар суутган төлөх үүрэгтэй этгээдийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд буруу тодорхойлсон гэж үзэв.

Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар “орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэг үүсэх” бөгөөд бусдад орлого шилжүүлж буй этгээд нь орлого олж буй этгээдийн төлбөл зохих татварыг суутган авч төсөвт төлөх үүрэгтэй байна. Энэ тохиолдолд, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь өөрөө ямар нэг орлого олоогүй, бусдад ямар нэг орлого шилжүүлээгүй, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний оролцогч биш байх тул татвар суутган төлөх үүрэг үүсээгүй буюу татвар суутган төлөгч биш байна.

Өөрөөр хэлбэл, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 100 хувийн хувьцааг зарж орлого олсон тал нь иргэн С, Ч нар, худалдан авсан тал буюу тэдэнд орлого шилжүүлсэн этгээд нь иргэн Б болох нь тодорхой байхад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг татвар суутган төлөх үүрэгтэй гэж үзэхгүй, шүүхүүд энэ талаар буруу дүгнэлт хийсэн гэж дүгнэж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 100 хувийн хувьцаа нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 1.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж худалдагдсан, татвар төлөх үүрэг үүссэн харилцаа нэгэнт бий болсон тул уг татварын актыг хүчингүй болгохгүй, актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, улсын байцаагч нар татвар төлөх болон татвар суутган төлөх үүрэгтэй этгээдийг зөв тогтоож, татварыг давхардуулахгүйгээр, олсон орлогод нэг удаа татвар төлөх зарчмыг хэрэгжүүлж, актыг дахин үйлдэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хуульд зааснаар энэ хугацаанд дахин акт гаргаагүй бол татварын улсын байцаагчийн энэ акт хүчингүй болдог.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.