Монгол Улс АИ-92 шатахууныг "Роснефть"-ээс 2027 он хүртэл тогтвортой үнээр худалдан авах гэрээг үзэглэлээ. МХБ 2021 оны цэвэр ашгаасаа ₮500 саяын ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дэлхийн эдийн засаг уналтад орох бодит эрсдэл үүссэнийг ОУВС, Дэлхийн банкны тэргүүнүүд анхааруулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэр ОХУ болон Монгол улс нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрээд байсан. Уг тохиролцооны дагуу "Роснефть" компанитай таван жил хамтран ажиллах гэрээгээ албан ёсоор үзэглэж, АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар болсныг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд мэдэгдлээ.
"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК 2021 оны цэвэр ашгийн дүнгээс 500 сая төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлснээ мэдээллээ. Тодруулбал 2021 онд 3.2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласны 15.6 хувийг ногдол ашигт зарцуулж байгаа аж. Тус компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлт болон үр ашгийн хувьд 2021 онд үйл ажиллагаанаас нийт 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 2.1 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулсан байна.
Аравдугаар сарын 10-нд Гашуунсухайт боомтоор 110 мянган тн нүүрс экспортолсон нь өмнөх өдрүүдийнхээс 30% буюу 25 мянган тонноор өндөр үзүүлэлт боллоо. Тухайн өдрийн 17 цагийн байдлаар нүүрс тээврийн 811 машин хил нэвтэрсэн бол бараа материалын 5, зэсийн баяжмалын 50 зэргээр нийт 919 машин гарсныг Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс мэдээллээ. БНХАУ-ын ӨМӨЗО-той яриа хэлэлцээ хийж, экспортын хэмжээг нэмэгдүүлэх туршилт амжилттай болсон нь нүүрсний экспорт эрс нэмэгдэхэд нөлөөлснийг ЗГ онцолсон билээ.
"Өрийн менежментийн бодлогын хувьд Монгол Улс сүүлийн хэдэн жилд бондын дахин санхүүжилтэд анхаарч ирсэн. Ялангуяа бондын хугацаа дуусах дөхөхөөр. Бондыг харьцангуй ашигтай нөхцөлтэйгээр дахин санхүүжүүлсэн хэдэн жилийн өмнөх сайн жишээнүүдийг дурдаж болно. Харамсалтай нь ирэх онд ийм таатай нөхцөл байдал үүснэ гэж хүлээхгүй байгаа. Энэ нь тодорхой хүндрэлүүдийг учруулна. Бондыг ямар арга замаар дахин санхүүжүүлэх талаар ЗГ судлаж байгаа байх. Миний харж байгаагаар хэд хэдэн эх үүсвэр бий. Өмнө нь дурдсанчлан дахин санхүүжилт хийхээс өмнө зах зээлд зөв дохио өгөх нь чухал. Бодлого, ялангуяа төсвийн бодлогын хувьд санхүүжилтийг зохицуулах чадвартай гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ нь бондыг дахин санхүүжүүлэхээр хэлэлцээ хийхэд Монголд дэм болох стратеги юм" хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “AmCham Mongolia”-ийн сар бүрийн уулзалтад оролцох үеэрээ хэлэв.
Ирэх онд гадаад нөхцөл байдал хамгийн гол эрсдэл болохоор байгааг төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлээс харж болохоор байна. Учир нь эдийн засгийн өсөлт саарч, инфляц нэмэгдэж, төгрөгийн ханш сулрах дарамт өндөр байгаа тул мөнгөний бодлогоор тохиргоо хийж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих бодлогын орон зай хумигдмал байгааг онцолж байна. Нөгөө талаас БНХАУ-ын цар тахлын эсрэг бодлого, дотоод халдварын улмаас экспорт төдийлөн сэргэхгүй байгаа тул урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэж, гадаад валютын нөөцөд дарамт учруулж байна гэжээ.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хувьд 2022 онд Монгол Улсын эдийн засаг гурван хувиар өснө гэсэн төсөөлөлтэй байна. Энэ нь тавдугаар сард танилцуулсан төсөөллөөс 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин 2023 онд экспортын хэмжээ цар тахлын өмнөх үедээ хүрч, өсөлт 7 хувьд хүрнэ гэж тооцоолж байна.
Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны тэргүүнүүд дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт саарч, Холбооны Нөөцийн банк инфляцтай тэмцэхээр бодлогын хүүг өсгөж байгаа нь хөгжиж буй орнуудад гадаад өрийн дарамт учруулж буй. Иймд улс орнуудын гуравны нэгийнх нь эдийн засаг энэ онд болон ирэх онд багадаа хоёр улирал дараалан агшина гэж ОУВС тооцоолжээ.
АНУ технологийн худалдаа, ашиглалтын журмаа БНХАУ-ын эсрэг чангатгаснаар хагас дамжуулагчийн компаниудын хувьцааны ханш огцом унасан байна. Тус салбарт тэргүүлэгч компаниудыг багтаадаг “The Philadelphia Stock Exchange Semiconductor Index” даваа гарагт 3.5 хувиар буурч, 2020 оны 11 дүгээр сараас хойших доод цэгтээ хүрчээ. АНУ хиймэл оюун ухаан, супер компьютерт ашиглагддаг зарим төрлийн чипийн экспортод хязгаарлалт тавьсан төдийгүй БНХАУ-ын аливаа компанид хагас дамжуулагчийн тоног, төхөөрөмж худалдах журмаа чангатгах арга хэмжээ авсан аж.
Япон улс цар тахалтай холбоотой гурван жил үргэлжилсэн хилийн хязгаарлалтаа цуцалж, 68 улсын вакцинд хамрагдсан иргэдийг визгүй зорчуулж эхэллээ. Өдгөө иенийн ханш ам.долларын эсрэг 25 жилийн доод түвшинд хүрч сулраад байгаа учир тус улс гадаадын жуулчдын хувьд аялахад харьцангүй хямдхан маршрутад тооцогдож байна. Жуулчдад хилээ нээснээр Японы дотоодын аялал жуулчлалын салбар дахь зарцуулалт нь 32 хувиар өсөж, 45.4 тэрбум долларт хүрнэ гэж Goldman Sachs-ийн эдийн засагчид тооцоолжээ.
ОХУ Европ руу далайгаар тээвэрлэх боловсруулаагүй газрын тосны зах зээлийнхээ 60 хувийг алдсаныг "Bloomberg Intelligence" мэдээллээ. 10-р сарын 7 хүртэлх дөрвөн долоо хоногийн хугацаанд тус улсын Европ руу тээвэрлэсэн боловсруулаагүй газрын тосны хэмжээ нь өдөрт дунджаар 630 мянган баррель байжээ. Харьцуулбал ОХУ Украинд халдан довтлохоосоо өмнө дунджаар 1.62 сая баррелийг нийлүүлж байсан аж. Үүгээр зогсохгүй Европын Холбооны багц хориг арга хэмжээ хэрэгжсэнээр тус зах зээл найман долоо хоногийн дараа бүрмөсөн байхгүй болох төлөвтэй байна.
Meta компани мэргэжлийн орчинг дижитал болгон өөрчлөх "Metaverse" төсөлдөө зориулсан 1500 ам.долларын үнэтэй шинэ VR төхөөрөмжөө танилцууллаа. "Meta Quest Pro" нь голчлон видео тоглоомын зориулалттай байдаг VR төхөөрөмжийг илүү ажил мэргэжлийн шинжтэй болгон өөрчилж, технологийн сайжруулалт хийсэн хувилбар аж. Гол давуу талууд гэвэл хүний нүүр, нүд, биеийн хөдөлгөөнийг дагах "tracking" технологи, мөн "mixed reality" буюу бодит орчин, дижитал орчинг нэгэн зэрэг харах боломж зэрэг юм.
S&P 500 дахин 20% буурвал битгий гайхаарай хэмээн JPMorgan-ийн гүйцэтгэх захирал Жэйми Даймон хэлэв. Түүнийхээр бол зах зээл хаашаа чиглэж буйг таахын аргагүй байгаа бөгөөд Холбооны Нөөцийн Банкны бодлого хэрхэн өөрчлөгдөх, инфляцын эсрэг арга хэмжээ компаниудын ашигт хэрхэн нөлөөлөхөөс их зүйл хамаарах аж.
Эх сурвалж: BloombergTV.mn
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг BloombergTV.mn-ээс аваарай.
Танд санал болгох:
AmCham Mongolia: 2023 онд Монгол Улсын гадаад өр зайлшгүй шийдэх ёстой асуудал болно
МХБ 2021 оны цэвэр ашгаас ₮500 саяын ногдол ашиг улсын төсөвт төвлөрүүллээ
X/10-нд Гашуунсухайт боомтоор өдөрт экспортлох нүүрсний хэмжээ 30 хувиар өсөж, 110,000 тонн болов
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.