Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож явсан долоон автомашиныг мөргөсөн хэрэг өчигдөр орой /2022.10.10/ гарсан.
Уг ослын улмаас найман автомашин хохирол амссан бөгөөд гарцаар гарч явсан 12 настай хүү гэмтсэн. Хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа аж.
Бичлэг хийж цахим орчинд оруулсан иргэн “Уг орчинд явж байсан автомашинууд түгжрэлд орон зогсож байхад гэнэт "Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж орж ирээд дайрсан. Цааш давхиж дараа дараачийн машинуудыг мөргөсөн" гэж мэдээлсэн.
Харин зарим иргэд уг машины жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсвэл мансуурсан байсан гэх таамаг дэвшүүлээд буй.
Энэ талаар албаны хүнээс лавлахад “Манай бие бүрэлдэхүүн очиж согтолтын зэрэг тогтооход архи согтууруулах ундаа хэрэглээгүй нь батлагдсан. Хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариуг хэрхэн гарсныг зохих байгууллага нь мэдээлнэ” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.