Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар цас орж, салхи 20-30 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар, өнөөдөр Завхан, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна хэмээн Ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулав.
Түүнчлэн хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах.
Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих хэрэгтэй.
Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг сэрэмжлүүлж байна.