Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хилийн хатуу хязгаарлалт тогтоогоод байсан Япон улс гадаадын жуулчдад хилээ бүрэн нээжээ.
Зөвхөн бүлэг жуулчдыг хүлээж авахын зэрэгцээ өдөрт дээд тал нь 50 мянган хүнийг нэвтрүүлэх хязгаарлалт хэрэгжүүлж байсан тус улсын эрх баригчид коронавирусийн үеийн ихэнх дүрэм журмыг цуцалж, олон арван орны иргэдийн визгүй зорчих эрхийг сэргээсэн байна. Гэхдээ гадаадаас ирсэн аялагчид амны хаалт зүүж, халдвар хяналтын шаардлагуудыг дагаж мөрдөх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Ерөнхий сайд Фумио Кишида аялал жуулчлалын салбараар дамжуулан эдийн засгаа эрчимжүүлэхийг зорьж байгаа ч жуулчдын тоо аажмаар өснө гэж эдийн засагчид үзэж байна. Түүнчлэн зочлолын салбар дахь хүний нөөцийн хомстол, цар тахлын дараах айдас түгшүүр зэрэг асуудал бэрхшээл дагуулах төлөвтэй байна.
Японы Засгийн газар жуулчдын жилийн дундаж зардалд 5 тэрбум иен буюу 34.5 тэрбум ам.доллар татахаар зорьж байгааг ноён Кишида өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч 2023 он гэхэд гадаадын жуулчдын зардал ердөө 2.1 тэрбум иенд хүрч, 2025 он хүртэл "Ковид-19"-ийн өмнөх түвшнээс хэтрэхгүй гэж эдийн засагч Такахиде Киучи "Номура" судалгааны хүрээлэнгийн тайланд бичжээ. 2019 онд 31.8 сая жуулчныг татаж, дээд амжилт тогтоогоод байсан тус улсад энэ онд ердөө хагас сая гаруй аялагч ирсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.