Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ээлжит хуралдаанаа хийж нэр бүхий өмгөөлөгч нарыг шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж хариуцлага тооцуулахаар болжээ.
Бидэнд олдсон мэдээллээр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутай нь шүүхээр тогтоогдож 10 жил хорих ял шийтгүүлсэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж буй аж. Тодруулбал, тэд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч нарын талаар Хятадын талд ажилласан гэх мэт мэдээлэл бэлтгэж фэйсбүүкт цацсан нь ийнхүү ШЕЗ-ийнхөн шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.
Шүүхийн тухай хуулийн 73.3-т “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ШЕЗ уг шийдвэрийг гаргаж, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол хүргүүлэхээр болжээ. Мөн нэр бүхий шүүгчээс хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийг ч хэлэлцээд түүнд дурдсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй, эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Түүнчлэн өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, нууцад хамаарах эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын мэдээлэл, баримтыг задруулсан гэх үндэслэлээр тагнуулын байгууллага шалгахаар болсныг ч баттай эх сурвалжууд мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.