УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлан Баянзүрх дүүргийн 3000 гаруй багшид хүндэтгэл үзүүллээ.
Багш нарын баярыг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 3000 гаруй багш нарт зориулсан “Багшаа дэмжье” хүндэтгэлийн арга хэмжээг “Улаанбаатар” паласт зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын 64 сургууль, 189 цэцэрлэгт 94506 сурагч суралцаж, 3400 гаруй багш нар сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн судалгаа бий. Энэ нь нийслэлийн хэмжээнд хамгийн их үзүүлэлт юм.
“Багшаа дэмжье” хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн соёлын ордны уран бүтээлчид, “Анир” Монголын анхны поп оркестр болон бяцхан сурагчид оролцож урлагийн үзүүлбэрээр багш нараа мэнд дэвшүүллээ.
Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Улс эх орны тогтвортой хөгжлийн үндэс бол хүний хөгжил. Хүний хөгжлийг монгол гэртэй зүйрлэвэл багана нь боловсролын салбар, тэр дундаа багш сурган хүмүүжүүлэгчид билээ. Баянзүрх дүүргийн хэмжээнд дунд хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт Хөгжлийн зураглал 2030-ийг боловсруулсан. Энэхүү бодлогын бичиг баримтад 2030 онд Баянзүрх дүүргийн боловсролын салбарын хөгжлийн хүрэх түвшинг тодорхойлж тэр хүртэл бага гэлтгүй бүх л ажлыг шат дараатай төлөвлөсөн гэдгийг дуулгахад таатай байна. Ингэснээр багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин нөхцөл таатай болно гэдгийг дуулгахад таатай байна. Эх орны ирээдүйг бүтээж, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлж буй багш нарын нийгмийн асуудал, цалин урамшуулал, нийгэмд эзлэх байр суурийн асуудлыг дүүрэг, нийслэл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтран шийдвэрлэн ажиллах болно” хэмээн хэлэв.
“Багшаа дэмжье” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хоёр багшид орон сууцны урьдчилгааг шийдвэрлэж өгсөн нь үйл ажиллагааны гэнэтийн бэлэг байлаа. Энэхүү арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.